АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулах вий гэхээс Хятадын засгийн газар айж байгааг Тайванийн батлан хамгаалахын шинжээч хэллээ.
Тодруулбал, Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн Үндэсний аюулгүй байдлын хэлтсийн захирал, доктор Мин-Ших Шен хэлэхдээ “Хятадын эрх баригч Коммунист нам АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Байдены Бээжинд чиглэсэн бодлогыг Трампийнхаас арай зөөлөн гэж үзэж байгаа. Хэрвээ Хятад улс Тайванийн хоолойн тогтвортой байдал, энх тайвныг сахин хамгаалж, Вашингтон, Бээжин хоёрын харилцааг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж байгаа бол Байден, Трамп хэн нь ч байсан асуудалгүй. Гэвч Хятад улс түрэмгий байдлаа нэмэгдүүлсэн тохиолдолд Байденаас илүү Трампаас айх болно. Хятадууд Тайваньд довтолбол Трамп маш хүчтэй хариу өгөх магадлалтай. Зөвхөн Трамп ч биш, түүний хүрээллийн албан тушаалтнууд ч адилхан” гэжээ.
Трампийн хүрээллийн албан тушаалтнууд гэдэгт өмнөх засгийн газрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео, Мэттью Поттингер нар багтана. Помпео, Поттингер зэрэг Трампийн үеийн 28 албан тушаалтанд Хятад улс 2021 оны нэгдүгээр сард хориг арга хэмжээ авсан билээ. Тэднийг Хятадын бүрэн эрхт байдлыг зөрчсөн гэж буруутгажээ.
Хятад, Тайвань хоорондын харилцааг АНУ-ын засаг захиргаа Трампийн үед ч, Байдены үед ч хичээнгүйлэн авч үзсэн. Үүнийг нь Тайвань үнэлдэг гэж “The Prospect Foundation” судалгааны төвийн доктор И-Чун Лай хэлжээ. Гэхдээ Трампийн үед АНУ, Тайванийн харилцаа мэдэгдэхүйц өргөжсөн гэдгийг мөн онцолжээ.
Эх сурвалж: FOX NEWS