-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгч байна. Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэнд 12,000 хүний суудал бэлджээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ААН, байгууллагуудад л зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн үнэ 330,000-660,000 төгрөг. Үүн дээр хог хаягдлын 275,000 төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ.
Ингэхдээ Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ААН, байгууллагад Төв цэнгэлдэхэд хуушуур зарах зөвшөөрлийг өгнө. Харин худалдааны зөвшөөрлийг иргэн, ААН-д олгоно. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ААН, байгууллага хоолны материал, ширээ сандал, сав суулгатайгаа очно. Цахилгаан эрчим хүч болон асраар хангана. Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно. Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй, Нарантуул 1, 2 шиг гутал, хувцас заруулахгүй. Хүй долоо худагт хуушуур, хоол үйлдвэрлэл явуулах ААН, байгууллагын хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. Нийт 200 орчим хуушуур хийх гэрийн зөвшөөрөл олгоно. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс ажиллана. Хүй долоо худагт хуушуурын гэр, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл илүү олгогдоно. Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн” гэв.