Олон намын нэгдэл болох Ардчилсан Намд эдүгээ гурван том фракци бодлогын хэмжээнд нөлөөтэй болж тогтоод байна. Энэ нь “Гранд Монгол”, “Нэг Монгол, Монголын Ардчилсан Холбоо гурав юм. “Гранд Монгол” фракци нь ерөнхийдөө Ц.Элбэгдорж чигтэй, С.Баярцогт, С.Эрдэнэ нарын удирдсан бүлэг. Үзэл баримтлалын хувьд хэт либерал. Төрийн өмч гэж огт байх ёсгүй, Оростой үзэлцэнэ, муусайн Путинчууд гэх мэт үгсийг “хал цэрэг” С.Эрдэнээсээ эхлээд саяхан тус намд элссэн “шинэ цэрэг” Ц.Уянга, Д.Монголхүү нар нь хүртэл хайр найргүй урсгана. Товчхондоо бол хэт барууны үзэлтэй, радикал либералууд.
Монголын Ардчилсан Холбоо фракцийн хувьд бол ойлгомжтой. Товчхондоо бол “МоЯа”-чууд. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирддаг. Үндэсний Ардчилсан үзэлтэй гэж онолын хувьд тодорхойлж болно.
Гурав дахь нь буюу сүүлийн үед хамгийн гол үүрэг гүйцэтгэж эхэлсэн фракци бол “Нэг Монгол” хөдөлгөөн. УИХ-ын гишүүд голдуу удирдлагын цөмийг нь бүрдүүлсэн уг фракцийн гол лидерүүд нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан. Үзэл санааны хувьд консерватив, үйл ажиллагааны хувьд холбогч, гол тэнцвэржүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Нийгэмд ямар ч нэр хүндгүй болсон, АН-ын Ч.Хүрэлбаатар шахуу имижтэй болсон С.Баярцогтыг нэр дэвшүүлээгүй явдал чухамдаа МоАХ гэхээс илүү “Нэг Монгол” хөдөлгөөний зоримог шийдвэрийн үр дүн байсан. УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харахад ч “Нэг Монгол” фракци ирэх дөрвөн жилд АН-ын гол холбогч, тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх нь нэн тодорхой байна. Гол нь “Нэг Монгол” фракци аль фракцтай голлон түншлэх вэ? гэдэг асуулт чухал.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харвал хэт баруун чиг баримжаатай, хөршөө муулсан С.Эрдэнэ, М.Тулгат, Ч.Өнөрбаяр, “Элийрэгч” Ц.Уянга нар нийгмийн дэмжлэг огт авахгүй байгаа нь илт харагдаж байна. Украинд цалингаа хандивлах хүсэлтэй Д.Ганбатын хувьд хүн амины хэрэгтэй холбоотой 1-р тойргийн эффект нөлөөлсөн болов уу?
Харин эсрэгээрээ АН-ын хувьд маш хүнд, улаан тойргоос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг нар маш өндөр дэмжлэг авч, сонгогдлоо. Өөрөөр хэлбэл үзэл санааны хувьд үндэсний ардчилсан чиг баримжаа л АН-д хэрэгтэй байгааг сонгогчид нотоллоо. мэдээж “Нэг Монгол” хөдөлгөөн УИХ-д сонгогдсон намынхаа бүх гишүүдтэй ижил тэнцүү харилцах ёстой гэдэг нь эргэлзээгүй. Харин үзэл санааны хувьд радикал либерализм ярих уу? үндэсний ардчилал ярих уу? гэдгээ сонгох цаг нь болжээ.
С.Сарнай