Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом дээр тоглож байсан нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2024.05.29/ 16 цагийн орчимд гарлаа.
Тодруулбал, “Галзуу хулгана” тоглоом дээр тоглож байсан 13-15 насын хүүхэд тоглож байх явцдаа бие нь муудаж, улмаар буусныхаа дараа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 18-19 орчим насны иргэн “Галзуу хулгана” тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна” гэх мэдээллийг ирүүлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна” гэлээ.