Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 5, 26, 32 дугаар хороонд ажиллалаа.
Ингэхдээ Баянбулаг орчимд уулын ус бууж, хөрсний усны түвшин нэмэгдэж буй 26 дугаар хороонд үерийн даланг бэхжүүлэн, өргөтгөх, хөрсний ус зайлуулах насос станц, ус цуглуулах усан сан байгуулах ажлыг энэ онд багтааж хийхээ танилцуулав.
Цаашлаад тэрбээр 2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажилласан. Улмаар гацааг арилгаж, барилгажуулах ажлыг эхлүүлнэ гэлээ. Мөн 32 дугаар хороо, Хурганы сангийн аж ахуйг Эмээлт чиглэлийн авто замтай холбох ажлын тендерт шалгарсан ч зардал өссөн гэх шалтгаанаар замын ажлыг эхлүүлээгүй “Энигма констракшн” гэрээг цуцалж, 2 км авто замын ажлын тендерийг энэ долоо хоногт шинээр зарлана гэлээ.
Хот гэдэг энэ их айлын ажил нь дуусдаггүйн дээр элдэв асуудал бэрхшээл ихтэй. Аль ч цаг үеийн нөхцөл байдал нийслэл дээр асуудал дагуулдаг. Газрын наймаандаа идэгдэж, дээрээс нь дур зоргоороо төлөвлөлт хийж ирсэн нийслэлийн “заваан” ажлын горыг өнөөдрийн Хотын дарга биеэрээ туулах нь.