Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгч Н.Одонгуа, Ардчилсан хүчний холбооны дэд тэргүүн С.Наранбаатар нар агаарын бохирдлын талаар мэдээлэл хийлээ.
Анагаах ухааны доктор Н.Одонгуа “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллээр амьсгалын замын өвчнөөр 2022 онд 6 000 орчим хүн өвдөж байсан бол 2023 онд энэ тоо 10 000 хүнээр нэмэгдэж, 16 000 болсон байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд уналт таталттай хүний тоо нэмэгдэж байгаа. Жил бүр 300-400 хүн шинээр нэмэгдэж байна. Ураг эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэж, олдмол уналт таталттай хүүхэд төрж байгаа нь бидний сэтгэлийг маш их зовоож байна.
Шинээр төрсөн хүүхдүүдийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай төрж байна. 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хамгийн том шалтгаан нь амьсгалын замын өвчин, уушгины хатгалгаа болж байна.
Улаанбаатарт амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн үр зулбах магадлал өвлийн улиралд 4 дахин нэмэгдэж байна.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсний дараа буюу 2020 онд ҮХС, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хий стандарт хэмжээнээс 43-57 дахин өссөн гэсэн дүгнэлт хийсэн. МУИС-ийн Химийн тэнхимын профессор Амгалангийн 2023 онд хийсэн судалгаагаар шууд хавдар үүсгэдэг химийн нэгдлүүд агаарт байгааг тогтоосон байна” ” гэдгийг хэллээ.
С.Наранбаатар “Энэ сэдвийг улстөржүүлж болохгүй. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрх алдагдсаар байна. 2017-2020 оны хооронд 465.1 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Энэ мөнгийг зарцуулаад агаарын чанар сайжирсан уу. Агаарын чанарт бүтцийн өөрчлөлт орсныг судлаачид батлаад байна. Энэ асуудалд шийдэл гаргаж, олон дүрэм журмын хэрэгжилтэд анхаарахгүй бол монгол иргэн агаарын бохирдолд өртсөөр л байна” хэмээн энэ асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.