Одоогоос яг дөрвөн жилийн өмнө Монголын улс төрийн хүрээнд өөрийн гэсэн өнгө төрх, бодлогоороо ялгарч 34 дэх нам мэндэлсэн нь Шинэ нам. Түүхэн замнал нь товчхон боловч туулах зам нь урт гэж энэ намыг дүгнэхэд нэг их буруудахгүй. Байгуулагдсан даруйдаа л 250 гаруй мянган сонгогчийн дэмжлэгийг авч улс орны хэмжээнд өөрсдийн төлөөлөгчтэй болсон нь Монголын улс төрд шинэ тутам мэндэлсэн намын хувьд асар том амжилт. Ийм богино хугацаанд тийм амжилт үзүүлж чадсан нь нэг талаас ард түмний дундах гурав дахь хүчний хүлээлт, нөгөө талаас өөрийн гэсэн бодлоготой, боловсон хүчний нөөцтэй, хүрээндээ хэн ч харсан мэдлэг чадвар өндөр, ёс зүйтэй хүмүүсийг нэгтгэсэнтэй шууд холбоотой.
Энэ нам өнгөрсөн амралтын өдрөөр III их хурлаа хийж, бодлого, шийдвэрээ гишүүд дэмжигчидтэйгээ хэлэлцэн нэрийхээ товчлол хэлбэрээр явж ирсэн ШИНЭ гэх тодотголыг жинхэнэ утгаар нь Шинэ болгожээ. Энэхүү шинэчлэл нь хэлбэр талаасаа бус илүү агуулга талаасаа шинэчлэл болсон гэдгийг дэмжигчдийнх нь идэвх, гишүүдийнх нь итгэлээс харж болохоор.
III их хуралд 21 аймаг, 9 дүүргийн 700 орчим төлөөлөгч оролцож намын дотоод асуудал гэхээсээ илүүтэй улс орны хөгжил дэвшилтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хөндөж ярилцжээ. Тухайлбал, Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх суурь шаардлага байгааг тэд хэлэлцжээ. Үндсэн хууль алдаатай, үндэс суурь нь буруу байгаагаас өнөөдөр төр засаг муу ажиллаж, эрх мэдэлтнүүд авилгад идэгдэж, МАНАН дэглэм дарангуйлж төрийн дээр нам гарчихсан байна. Мөн шүүх засаглал тартагтаа тулж эд мөнгөний өмнө хүчин мөхсдөж, эцэст нь тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг, түүний доор нуугадах байгалийн баялгаа цөлмүүлж байгааг тэд онцолж байв. Америкчууд улс орныхоо 50, 100 жилийн дараах амьдралыг төсөөлөн байж Үндсэн хуулиа бичсэн шиг ШИНЭ намын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, улс орныхоо ирээдүйг 50 жилээр харж бичсэн гэлээ. ШИНЭ намаас боловсруулсан “Их Монгол Улсын Их Засаг Үндсэн Хууль” Үндсэн хуулийн төсөлд дэлхийг хөгжил дэвшлээрээ тэргүүлж буй 10 улсын Үндсэн хуульд туссан дэвшилтэт зарчмуудыг шингээсэн байна. Одоогийн хүн засаглаж байгаа нийгэмд хууль засаглах боломжийг гагцхүү эцэг хуулийн шинэчлэлээр хийнэ гэдгийг тэд олж харжээ.
Бид баялагтаа эзэн байх нь битгий хэл бүр хүнд алдаад дуусаж байгааг ч энэ их хурлын үеэр хэлж байна. Үнэн л дээ. Ашигт малтмалын хуулиар хаацайлж нийтдээ 3000 ширхэг лиценз, 1100 уурхайг гадныханд алдсан уйлмаар тоо бий. Тоо болгоны ард тоо томшгүй балаг, тоолж дуусашгүй мөнгөө алдсан. Улсын Ерөнхийлөгч нь баялагтаа эзэн монгол байя хэмээн шоудаж өндөр сэнтийд сууж байхад баялагийн эзэд нь бид биш гадныхан болсон нэг л жишээ энэ юм. Тиймээс Шинэ намын зүгээс Монгол улсын иргэн бүрийг баялынхаа эзэн болгох гарц гаргалгааг танилцуулж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг санал болгожээ. Тодруулбал, төрийн мэдэлд 86 хувь нь байгаа Эрдэнэс Тавантолгой команийг олон нийтийн хэлбэрт шилжүүлж иргэн бүрдээ эзэмшүүлэх санал санаачилга юм.
Одоогийн байдлаар иргэд энэ ордын 1072 хувьцааг эзэмшдэг гэх боловч эдийн засгийн ач холбогдолгүй, үхмэл хэлбэртэй байсаар байна. Нөгөөтэйгүүр нас барсан иргэдийн хувьцаа хаачдаг нь ойлгомжгүй, шинээр мэндэлсэн 90 мянга орчим хүн хувьцаагүй гээд олон зүйлийг энд хэлж болохоор. Тиймээс төрийн мэдлийг хувьцааг олон нийтэд шилжүүлж өрх бүр 1.2 тэрбум төгрөгтэй болж эдийн засгийн бодит өгөөж хүртэх боломжийг тэд санал болгожээ. Энэ бол иргэн бүр баялагтаа эзэн болох жинхэнэ Шинэ боломж мөн.
“Шинэ” намын II их хурлаар тус намын даргаар сонгогдсон Ц.Гантулга III их хурлын индэр дээр гарахдаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй иржээ. Ултөрчдийг худалч, хэт популист, холбиромтгой гэх мэт имиж байнга дагадаг. Харин Ц.Гантулга гишүүдийнхээ өмнө итгэлтэйгээр дээрх өөрчлөлт шинэчлэлтийг танилцуулж, хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн байгаагаа харуулах замаар улс төрийн манлайлал, зангараг үзүүлж чадлаа. Учир нь “Шинэ нам өөрийн “тунхаг” буюу “манифесто”-г бичиж, намынхаа хамт олноор батлуулан Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн, 1990 оноос хойш байгуулагдсан 36 намаас цор ганц тунхагтай, хөгжлийн бодлоготой нам юм билээ. Үнэт зүйл, зарчмаа тодорхойлсон ийм нам үнэндээ байдаггүй байх шүү. Ямар ч байсан шинэчлэгчдийн үг нь хүчтэй, үйлдэл нь бодитой байна.