“Акуа Гарден” хотхоны (2блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулав.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Уг гурван барилгыг нураах асуудалд ажлын хэсэг ярилцсан. Ямар нэгэн байдлаар шийднэ. Хамгийн түрүүнд иргэдийг хохиролгүй болгоно. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ төрийг хохиролгүй болгох ёстой. Бүх асуудал баримтаар нотлогдоно” гэв.
“Акуа Гарден” барилгын инженер “Манай байгууллага албан ёсны захирамжийг өнөөдөр гардан авч байна. Хууль зөрчсөн эсэхэд бид шүүхэд хандана. Буулгах гэж буй нөгөө хоёр барилгыг бодвол манай барилга 500 гаруй захиалгатай объект. Яг энэ асуудлаар шүүхээр ороод “асуудалгүй” гэсэн хуулийн дүгнэлт гарч байсан.
Үерийн эсрэг шийдэх инженерчлэлийн маш олон арга бий. Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд далан, суваг барих талаар хамтарч ажиллах саналыг уламжилсан. 100 гаруй тэрбум төгрөгөөр баригдсан хөрөнгийг нурааж болно. Гэхдээ энэ мөнгө бол улсын, татвар төлөгчийн мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр 600 гаруй өрхийн 20,30 жил амьдрах үндсэн хуулиар олгогдсон оршин суух эрхийг хог дээр ачих шийдвэр л гарч байна. Үүнийг бодооч. Зүгээр л МАН-ын нийслэлийн багийнхан дараагийн сонгуульд оноо авах шийдвэр. Ардаа ямар ч улс төрийн хамгаалалтгүй бизнест төр төмөр нүүрээ гаргаж байна. Монгол Улсын мөнгийг хог дээр аваачих нь оюун ухаант хүний шийдвэр мөн үү.
Энэ барилгыг дуусгах бүх бараа материал, гэрээ дууссан. Энэ жил дулаанаа авахад ирэх 3-р улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Шороон далан сэтэрсэн учраас үер болсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Натурын гүүрнээс нарны зам хүртэлх даланг бетон болгох, гүүрэн шийдэл барих ёстой шүү дээ. Энд барилга барьснаас болж үер болоогүй. Маргаан бол шүүхээр эцэслэн шийдэгдэнэ” гэлээ.