‘Шинэ үе’ продакшнаар овоглож, хошин урлагт Бооёо ахаараа хөтлүүлэн орж ирж байсан жүжигчин Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран уран бүтээлийн тоглолтоо тавьж, аймгуудыг бүтэн тойрсон ч байх. Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг юм билээ.
Хамтлагаасаа гарсныхаа дараа ‘Мөрөөдлийн театр’-ыг сонгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн ажээ. Хөтлөгч хийнэ, дуулна, реклам, кинонд тоглоно ёстой л есөн шид нь бүрсэн авьяастай эр шүү. Түүний хувийн амьдралыг сайн мэдэхгүй зарим нөхдүүд Сөрөлт, Түмэнхүслэн хоёрыг нэг гэрт орсон, Зайсанд хаан хатан шиг амьдардаг хэмээн цуурч байсан. Гэвч энэ ташаа байжээ.
Л.Сөрөлт сүүлийн үед гэргийтэйгээ хамтран Америкийн алдарт Amway сүлжээнд нэгдсэнээр тун амжилттай яваа аж. Шинэ оны үеэр сүлжээнийхээ шугамаар Дубай аялаад ирсэн гэж байгаа. Түүний эхнэр нь Б.Дэлгэцэцэг Amwaу-н СУВДАН цолтой аж. Дэлхийн хүн амыг БУДДИСТ, ХРИСТ, ЛАЛ, АМWAY гэж хуваадаг, нэг л орсон бол үхэж байж гардаг гэсэн хошин яриа бий. Монголд энэ төрлийн бизнес газар авсан бөгөөд юун Орифлэйм гэнэ. Сөрөлт эхнэртээ тоглолт, кино, рекламны орлогоо тушаадаг бөгөөд адтай эхнэр нь түүнийг нь хэд дахин өсгөж өгдөг орлогоороо Монголдоо толгой цохьдог болсон аж. Итгэл баян шиг суусан газраасаа шороо атгадаг овсгоотой эр бол Сөрөлт ажээ.
ОХУ-д очиж хүртэл эрхэлж байгаа бизнесийнхээ талаар илтгэл тавиад ирсэн Л.Сөрөлт энэ сарын 26-нд болох эерэг өөрчлөлт, манлайлал, хувь хүний хөгжлийн чадварын талаарх уулзалтад уригдсаныг харахад энэ чиглэлдээ чамгүй амжилт олж байгаа бололтой.