Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Лоренс Бэкоу болон түүний эхнэр Адель нар шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тухайгаа Мягмар гарагт мэдээлжээ.
“Ням гарагаас бид хоёрт халуурах, ханиалгах, булчин өвдөх шинж тэмдгүүд илэрч эхэлсэн юм. Ингээд Даваа гарагт эмчид үзүүлснийхээ дараа шинжилгээ өгсөн. Халдвар авсныг баталсан хариуг хэдхэн минутын өмнө хүлээж авлаа” гэж Бэкоу сургуулийнхаа багш, удирдлагуудад хандаж бичсэн захиандаа өгүүлсэн байна.
Ойрын өдрүүдэд ердийн үеэс илүү цөөн хүнтэй уулзаж байсан тэр яаж халдвар авснаа тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
Бэкоу эдгэрэх хүртлээ эхнэрийн хамт гэртээ тусгаарлагдахаар болжээ. “Адель бид хоёрыг эрүүл мэнддээ анхаарч байх хугацаанд баг хамт олон, хамтран зүтгэгчид маань илүү их хариуцлага үүрч ажиллах болж байна” гэж тэр захиандаа бичсэн байна.
Харвардын их сургууль энэ сарын эхээр хичээлүүдээ онлайн горимд шилжүүлж, оюутнуудаа дотуур байрнаас нь гаргаж байжээ.
Эх сурвалж: CNN