МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр өнөөдөр өглөө 08:25 цагт хөөрсөн. Тус онгоц яг одоо 244 иргэнээ эх оронд нь авч ирэн, Буян-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардаад байна. Улмаар зайлшгүй шаардлагатай иргэдийг ХӨСҮТ аваачих юм.
Мөн хагалгаанд орсон, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй гэх зэрэг 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Түүнчлэн Эх саран сувилал руу үлдсэн иргэдийг тусгаарлана. Эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах байрууд руу зөөвөрлөхөөр бэлтгэн эмнэлгийн НАЙМАН машин бэлэн байдалд зогсжээ.
Уг онгоцоор 250 иргэн ирнэ хэмээн ЭМЯ-наас мэдээлж байсан ч паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар зарим иргэн буцсан болохыг ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр мэдэгдсэн.