УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн сураг дуулдаж, намууд нэр дэвшигчдээ сойх ширүүхэн тэмцэл тун удахгүй улс төрд өрнөх нь. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам нэг эвсэл оролцохоор тайлангаа хүргүүлсэн. Тодруулбал, Үндэсний аудитын газарт МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.
18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 2,3 тэрбум төгрөг байх аж. Зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтсон билээ. Тэгвэл нэр дэвшигчид хэн байх вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Нөхөн сонгуулийн сунгаанд оролцох нэр дэвшигчид эхнээсээ тодорч, намууд бэлтгэл ажлаа хангаж дуусчээ.
Харин хоёр дарга, хоёр тамга тэмдэгтэй АН-ын хувьд нөхөн сонгуульд хүчээ нэгтгэн оролцож, сөрөг хүчний орон зайгаа бататгана гэж байгаа ч тусыг эс олов. Өнөөдрийг хүртэл тэдний нэр дэвшигчийн маргаан дууссангүй. МАН-ын хувьд Хэнтийн аймагт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дэвшүүлнэ гэх таамаг яригдаж байгаа. Хуулийн дагуу нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр болно. Нэр дэвшигчид хуулийн дагуу СЕХ-д есдүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлэх юм. Иймээс нөхөн сонгуульд горилогчдын мэдээллийг хүргэе.
МАН
МАН-аас Хэнтий аймагт МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, Хуульч Л.Батжав нарын нэр дуулдаж эхэллээ.Харин Сонгинохайрхан дүүрэгт тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, нарыг нэрс яригдаж байгаа. Э.Батшугарын хувьд МАН, МАХН хоёрын улс төрийн тохироо гэж харах хүн олон. Нэр дэвшигчдын талаар МАН-аас тодруулахад “Есдүгээр сарын 1-нд МАН-ын Багахурлын XIII хуралдаанаарэцэслэншийдвэрлэнэ. Нар дэвших хүсэлтэй намын гишүүд саналаа хүргүүлсээр байгаа” гэсэн юм.
АН
АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эв нэгдлээ олоогүй л явна. Гэвч энэ удаагийн сонгууль тэдний өнгө аясыг тодорхойлох тул, АН-аас хүчээ нэгтгэж оролцохыг бусдадаа уриалж буй. М.Тулгат даргатай АН-аас Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Ж.Оюунбаатар, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Боловсролын сайд асан Лу.Гантөмөр нарыг дэвшүүлнэ гэсэн таамаг бий. Харин Хэнтийд нэр дэвшигчид одоогоор тодорхойгүй байгаа юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нөхөн сонгуульд хүч үзнэ гэсэн таамаг байсан. Гэхдээ Х.Баттулга, С.Эрдэнэ нар нэгэнтээ түнжин хагарсан учир Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших боложмгүй болж байна.
Нөхөн сонгуулийн талаар АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Парламентад суудалгүй намуудтай уулзалт хийж, яриа хэлэлцлүүд хийж байна. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг наймдугаар сарын 27-ноос эхлэн хүлээж авна” гэж мэдээлсэн юм.
ХҮН
ХҮН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд чамлахааргүй ялалт байгуулсан. Энэ удаагийн нөхөн сонгуульд тэд гуравдах хүчин болж чадсан эсэхээ бодитоор харуулж чадна. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын хэлснээр Сонгинохайрхан дүүрэгт тус намын УЗ-ийн дарга эдийн засагч Б.Найдалаа нэр дэвших бол, Хэнтийд бусад нам эвслүүдэд боложмийг олгож санал хуваах нөхцөл байдлаас зайлсхийж зорилго зарчим үнэт зүйлд нийцсэн нам эсвэл болон шалгуурыг хангах хувь хүн бие даагчдыг дэмжих шийдвэр гарсан” гэх мэдээллийг өгсөн юм.