МАН 2017 онд 32:33-ын бүлгээрээ хуваагдаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан. Түүний оронд Ерөнхий сайд суусан У.Хүрэлсүх ба түүний фракцынхан ч удалгүй ЖДҮ-ийн хулгайн хэрэгт холбогдож, огцрох дээрээ тулсан. Энэ үед 11 гишүүнтэй Ардчилсан намынхан МАН-ын Засгийн газрын хувь заяаг атгаж байв. Эгзэгтэй энэ цаг үед тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхтэй үгсэж Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нарыг урвуулж Засгийн газрыг авч үлдсэн гэдэг.
Энэ мөчөөс дээрхи гурван гишүүн улс төрийн үхдэл болж, улс төрөөс бүрмөсөн арчигдсан. Тэгвэл үүнтэй ижил төстэй үйл явц өдгөө өрнөж эхэллээ. 100 гаруйхан хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан МАН-ынхан өнөөдөр Г.Занданшатарын Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Х.Булгантуяа гишүүний бланкан дээр зурагдаж буй энэхүү бичигт 30-40 гишүүн гарын үсэг зурах ч, огцруулах кнопны тоо хэдийнэ 70-80 хүрсэн гэх бор шувуу нисч байна.
Ардчилсан намын хувьд 42 гишүүний гурваас бусад нь Г.Занданшатарыг огцруулах дээр санал нэгдсэн гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Х.Тэмүүжин гишүүний буудлагын төвд болсон энэхүү уулзалт дээр АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, О.Амгаланбаатар нар Г.Занданшатарыг огцруулахын эсрэг саналтай байсан аж.
Намын дарга нь У.Хүрэлсүхийн гарын хүн гэгддэг Г.Занданшатарыг өмөөрч үг хэлсэнд зарим гишүүн бухимдан эдгээр гурван гишүүнийг Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нарын хойд дүрээр тодорлоо хэмээн дургүйцжээ.
Сөрөг хүчний хувьд, МАН-ын засгаас хөөгдөж гарсны хувьд Г.Занданшатарын засгийг цээжээрээ хамгаалах нь АН-ын даргын хувьд болчимгүй хэрэг бөгөөд 2017 онд гаргасан алдааг давтах гэж буй нь О.Цогтгэрэлийн байр суурийг ч ганхуулж эхэлжээ. Ерөнхий сайд нь 100 хоноод огцорч байхад намын даргыг 100 ч хонуулалгүй огцруулах нь алга урвуулахын төдий ажил биз ээ.
Тэгэхээр АН-ын 39 гишүүн 2017 онд гурван урвагчийнхаа харгайгаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж, 2020 онд сүнсгүй ялагдсан гашуун хувь заяагаа давтах уу, У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй Г.Занданшатарын засгийг унагаж, 2027, 2028 онд ялалт байгуулах уу гэдгээ шийдэх хариуцлагатай шийдвэрийн өмнө иржээ. Энэ удаа АН хүчтэй сөрөг хүчин шиг байж бие даасан шийдвэр гаргаж чадах уу гэдгийг харах л үлдлээ.
Post Views:
262
Discussion about this post