Ард иргэдийн автомашины татварыг нэмсэн асуудалд шүүмжлэл хэлсэн УИХ-ын гишүүдийг том дуугаар загнаса хүн бол нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Атал захын хурган дарга гишүүдийн бүрэн эрхэнд халдаж, том дуугаар зандардаг болсон нь Монголын төр хөл толгойгоо алдсаны илрэл биз.
Энэ мэт хотын нянгар дарга нар өөрсдийгөө бүхнийг загнаж зандрах эрхтэй хаад, ноёд гэж боддог бололтой. Тэгж яривал, нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г.Баярсайханыг “Бродюрны асуудлыг ард иргэдэд хангалттай мэдээлж чадаагүй” гэж буруутган Х.Нямбаатар ажлаас нь чөлөөлөөд оронд нь Б.Одбаярыг томилсон байдаг. Б.Одбаярын хувьд Х.Нямбаатарыг ярь гэснийг ярьж, хий гэснийг нь хийдэг гэх явган хов Яармагаас сонсогддог. Тэрбээр ярилцлага өгөх бүртээ Х.Нямбаатарын бродюрыг хамгаалдаг нь худлаа ч юм биш.
Б.Одбаярын хувьд намтар түүх нь эргэлзээтэй нэгэн гэх. 2011-2014 онд Америкийн Калифорни мужийн Дэйвис хотын Дэйвисийн их сургуульд иргэний ба автозамын барилгын инженер мэргэжлээр суралцсан гэж CV дээрээ бичсэнээс харвал өндөр боловсролтой хүн мэт. Гэвч 2011-2014 онд их сургуульд сурч байсан гэх атлаа Сакраменто хотын “Стантек” компанид гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суурийн тооцооллын инженер мэргэжлээр ажиллаж гэсэн нь багагүй хардлага төрүүлэхээр. Америкт их дээд боловсрол эзэмшинэ гэдэг амар хялбар ажил биш. Тэр тусмаа оюутан хүүхдийг нарийн мэргэжлийн инженерээр ажиллуулах ямар ч боломжгүй. Түүний энэ худал намтар ганц үүгээр дууссангүй 2016-2018 онд Дэйвисийн их сургуульд суралцаж, геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр хамгаалжээ. Атал мөн магистрт суралцах хугацаандаа Оакланд хотын “Брозамер энд Уолл” компанид хурдны замын төслийн инженерээр ажилласан гэнэ. Магадгүй суралцах хугацаандаа дадлага хийсэн байж болох ч үүнийгээ инженерээр ажилласан гэж бичих нь ичих булчирхайгүй, худалч хүний үйлдэл.
Түүний удирддаг нийслэлийн Замын хөгжлийн газарт хууль бус асуудал нэлээд бугшсан бололтой. Тухайлбал, тус газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь мөн хуурамч дипломтой болох нь батлагдсан гэнэ. Т.Батбилэг нь ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалантай үгсэн Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх хэл аманд өртжээ. Гэрээнд зааснаар уг ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэсэн байдаг.
Уг маргаанд “Мотор сервис” ХХК ялагдаж, мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй яваа аж. Гэсэн мөртлөө уг зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж шийтгэсэн байдаг. Угтаа төсвийн мөнгөнд хяналт тавиагүй, зам гүүрийн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Б.Одбаяр хариуцлага хүлээх байтал Төрийн ордонд, ард түмний төлөөллүүдийг том дуугаар загнаж буйн ард том эрх мэдэлтэй хотын дарга байгаа юу гэсэн хардлага төрүүлж байна. Бяруу болоогүй байж бухын баасаар баасан хурган дарга нартаа хариуцлага тооцож явуулах, үгүй бол өөрөө огцроход хүрч магадгүй байна шүү, хотын дарга аа.
Б.ШАРХҮҮ