Ардын уран зохиолч, төрийн шагналт Д. Пүрэвдорж агсны “Сэгс цагаан Богд” найраглалыг мэдэхгүй хүн үгүй. Нэгэн үеийнхний зүрхний дуудлага, амны уншлага болсон ч гэж хэлдэг.
Тэгвэл тус найраглалын гол баатар сайхан хотын хөөрхөн хархүү төрийн шагналт, СГЗ, зохиолч До.Нямаа Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй Н.Сүхбаттай 44 жилийн дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт учирсан байдаг.
Эгэл жирийн монгол бүсгүй суут найрагчийн шүлгэнд мөнхөрнө гэдэг сайхан хувь зохиол юм. Хүн мөнх бус ч зохиол бүтээл мөнх юм. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Сэгс цагаан богд” найраглалын гол дүр болох тэмээчин бүсгүй Н.Сүхбат таалал төгссөн тухай харамсалтай мэдээ цацагдаад байна. Нутгийнхаа уулаар овоглосон бүсгүй амгалан нойрсох болтугай. Гүн эмгэнэл илэрхийлье.