Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ. Охин 15 настай, аймгийн төвд амьдардаг бөгөөд түүнийг хүчиндсэн цагдаагийн алба хаагч эхний удаад ганцаараа, дараагийн удаад найз нөхөд цагдаа нарынхаа хамтаар охиныг хүчиндсэн гэх.
Тухайн үйлдэл олон удаа давтагдсан учир охин эгчдээ хэлж, эгч нь аймгийнхаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа аж.
Гэвч хэрэг шалгах ажиллагаа маш удаан, ямар шатандаа яваа нь тодорхойгүй байгаа ба эсрэгээрээ охиныг гомдлоо татахыг шаардах, гуйх байдлаар асуудал үргэлжилж байгаа гэнэ.
Энэ талаарх асуудлаар аймгийн цагдаагийн дарга н.Мэндбаяр ч мэдэж байгаагаар тогтохгүй, дотооддоо хурал хийж, “асуудлыг цэгцэл, мэдээлэл ил гарч цагдаагийн байгууллагын нэр төрд сэв суувал эзнийг нь ямар ч аргаар хамаагүй олж илрүүлж, арга хэмжээ тооцно” гэх байдлаар нам дарсан гэх мэдээлэл ч байна.
Харин тухайн асуудалд холбогдсон цагдаа нар өнөөдрийг болтол ажлаа хэвийн хийсээр байгаа ба өнгөрсөн хугацаанд охинд мөнгө төгрөг амлах, амласан мөнгөө хайж цуглуулах байдлаар үйл явц үргэлжилж байгаа бололтой гэжээ.
Эх сурвалж: tsahiur.mn
Тэгвэл дээрх мэдээллийн мөрөөр цахиур.мн сайт ЦЕГ-аас тодруулсан байна.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-2024 оны 03-р сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д-ээс “манай төрсөн охин 16 настай М-ийг хамаатны ах Т хүчиндсэн байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байна.
Т гэх цагдаа өөрийн найз хоёр цагдааг дагуулж ирээд хүчирхийлсэн гэж тухайн охин мэдүүлсэн?
-Энд нэр дурдагдаад байгаа иргэн Т цагдаагийн байгулулагад өмнө нь ажиллаж байсан. Одоо ажилладаггүй. 2-3 цагдаа гэсэн мэдээлэл одоогоор тогтоогдоогүй. Хохирогч М-ийн хамаатны ах нь юм билээ Т нь.
Сая хохирогч охиныг 16 настай гээд хэлчихлээ. Гэхдээ бидний авсан мэдээллээр 16 нас хүрээгүй. Мөн хүчирхийлэл үйлдсэн иргэн өөрсдийн хоёр найз болох сумын хэсгийн төлөөлөгчдийг дагуулж ирж хүчирхийлүүлсэн гэсэн мэдээлэл бий?
-Цагдаагийн хоёр алба хаагч гэж тогтоогдсон зүйл одоогоор алга.
Хохирогч худал мэдээлсэн гэсэн үг ?
-Бид хуулиар хэрэгжүүлэх чиг үүргээ л хэрэгжүүлж байна. Бид худал ярих шаардлага байхгүй.
Тухайн хүчирхийлэгч Т хэзээ хүртэл ажиллаж байсан юм бэ. Цагдаагийн дотоод хяналт шалгалт хийгдэхгүй юм уу?
-Хэргийг шалгаж байна.