Улсын арслан М.Бадарчид холбогдох асуудлыг хэлэлцэх арбитрын шүүх хурлын тов гаралгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд түүний барилдах эрхийг сэргээсэн, сэргээгээгүй, сэргээнэ гэх мэдээллүүд олны дунд хөвөрч, талцал үүсгээд байсан.
Өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр арбитрын шүүх түүний асуудлаар хуралдсан ч хойшлуулж, шийдвэрлэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын сүүлээр товлогдоно гэдэг мэдээлэл хөшигний ард яригдаж байв. Тэгвэл товыг энэ сарын 29-нд буюу өнөөдөр товлож, шүүх хурал үргэлжилж, Улсын арслан М.Бадарч биечлэн оролцож байна.
Тэрбээр асуултад хариулах үеэрээ зарим анхаарал татах зүйлүүдийг дурдав. Тухайлбал, “Барилдах эрхийг чинь дөрвөн жилээр хаслаа гэдэг албан бичиг, шийдвэрийг одоог хүртэл надад албан ёсоор өгч, танилцуулаагүй. Надад тавын даваанд даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна” гэв.
Эргэн сануулбал, М.Бадарчаас S1 төрлийн сэргээш илэрсэн байдаг. Иймд түүний хувьд маргаж, арбитрын шүүхэд хандсан.