Өмнөд Солонгост нэртэй компанид ажилд орох нь тийм ч амар зүйл биш. Ажил хайж буй залуусын эцэг эхчүүд ч мөн хүүхдээ ажилд оруулахын тулд багагүй хүчин чармайлт гаргадаг бөгөөд хүүгээ ажилд оруулахын тулд элэгээ зарахыг завдсан эмэгтэйн хэрэг шуугиан тариад байна.
Энэ оны хоёрдугаар сард 50 настай эмэгтэй К барилгын компанид ажилладаг Н-тэй уулзсанаар элэгний донор хайж буй захирлынх нь тухай мэджээ. Н нь захирлын хүүтэй хамт ажилладаг нэгэн байсан бөгөөд тус компанийн захиралын элэгний донор болохыг зөвшөөрсөн байна.
Үүнийхээ хариуд 100 сая вон болон хүүгээ ажилд оруулах тохиролцоо хийсэн эмэгтэй захирлын бэр хэмээн өөрийгөө танилцуулж эмнэлэгт донорын шинжилгээ өгчээ. Долоо хоногийн дараа түүнийг донор болгох боломжтой хэмээх хариу гарсан байна.
Хагалагаа болохоос өмнө эмэгтэй ковидын халдвар авсан учраас мэс заслын тов хойшилжээ. Нэгэн сувилагч донор болохоор ирсэн бүсгүй болон түүний асран хамгаалагч нар сэжигтэй байгааг анзаарч, тэднийг эрхтний наймаа хийж байж болзошгүй тухай цагдаад мэдээлжээ.
Тус мэдээллийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээр уг хэрэг ил болжээ. Тус улсын эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуульд эд эрхтнийг ямарваа нэгэн бараа, эд зүйлийн оронд худалдахыг хатуу хориглодог аж.
Сөүл хотын төв шүүхээс К-д 3 сая вонын торгууль ноогдуулсан бол компанийн ажилтан Н-д гэмт хэрэг зохион байгуулсан гэх үндэслэлээр 6 сарын хорих ял оноожээ. Элэг шилжүүлэн суулгах хагалагаа хүлээж байсан захирал өнгөрөгч долоодугаар сард буюу мөрдөн байцаалт явагдаж байх үед нас барсан байна.