Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг маргааш /2022.09.06/ зарлахаар төлөвлөсөн байна. Нийт 35 мянган багш нарын дипломд шалгалтыг хийж, ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг зарлахаа тэрбээр мэдэгдсэн. Тэгвэл дээрх шалгалтыг хийж дууссан бөгөөд одоогийн байдлаар 800 гаруй багш хуурамч дипломтой болох нь тогтоогджээ.
Ингэхдээ нийтэд хуурамч дипломтой багш нарын нэрийг нь зарлахгүй бөгөөд тодорхой арга хэмжээг авах юм байна. Тухайн багш нарын ажлын үр дүнг нь харж ажиллуулах эсэхийг шийдэх юм байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, сайн систем, зөв менежменттэй болгохоор ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Түүний нэг нь жил бүрийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн зохион байгуулалт. Ингэснээр цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38 мянган хүүхдийн 35 мянга нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх аравдугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгөх юм.
Л.Энх-Амгалан сайд мөн өнгөрсөн долоо хоногт хуурамч дипломтой багш нарыг боловсролын салбараас гаргахаа мэдэгдсэн билээ. Иргэд цоожтой хаалганы цаана үлддэг хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах шийдвэрийг сайшааж, сайдын шийдвэр, ажил хэрэг бодит байдалд тусгалаа олсон болохыг хэлж байсан нь саяхан. Харин хуурамч дипломтой багш нарыг олон нийтэд зарлаж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна.
Учир нь тэдгээр багш нараар хичээл заалгасан сурагчдад, багш нарын гэр бүлийнхэнд ч энэ нь тааламжтай бус болохоор олон нийтэд багш нарыг зарлах шаардлагагүй гэдгийг цахим хуудастаа бичжээ.
Боловсрол шинжлэх ухааны яам нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийгээд буй. Тус шалгалтын дүнг энэ долоо хоногт нийтэд мэдээлж ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг зарлах гэж байгаа. Хоёрдугаарт, их, дээд сургуульд багшилж буй эсвэл докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарлаж хийсэн хүмүүсийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулж, үнэхээр магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлах ажлыг эхлүүлж байгаагаа салбарын сайд онцолсон. Харин багш нарыг зарлахтай холбоотой дээрх шийдвэр иргэдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байгаа аж.
.