Эрдэнэт хотын иргэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах санаачлагыг гаргаж, өнөөдөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Н.Алтанхуяг нь 2017-2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллахдаа АН-ын нэр хүндийг унагаасан гэдэг шалтгаанаар 2020 оны сонгуулийн өмнө АН-аас хөө гдөж байсан юм. УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-ын хэд хэдэн улс төрчид нэр дэвших боломж олдоогүй бөгөөд Н.Алтанхуяг УИХ-д Эрдэнэтээс бие даан нэр дэвшин сонгогдож байв.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал хөндөгдөж, 1.8 их наяд төгрөгийн өр үүссэн. Иргэд банкнаас зээл авсан ч төлөөгүй байгаа улс төрчид, тэдний хамаарал бүхий компаниуд болон нөлөө үзүүлсэн этгээдүүдээс хариуцлага нэхэж байгаа энэ үед Н.Алтанхуягийн оролцож, Хөгжлийн банкнаас гаргуулсан олон тэрбум төгрөгийн зээл хөндөгдөж эхлээд байна.
Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд байхдаа Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн мэдэлд Хөтөлийн Цемент шохой ХК, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өгч, Хөгжлийн банкнаас удаа дараа олон тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн “сахал” Эрдэнэбилэгийн компанийн барьсан төмөр зам зэргийг улсад өндөр үнээр худалдан авахад баталгаа гарган өгч байсан зэрэг баримтууд өнөөдөр ил болсон байгаа.Үүнээс гадна Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монголбанктай хамтран 3 их наяд гаруй төгрөг хэвлэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үнийг тогтворжуулж чадаагүй, эдийн засагт дарамт өгч, төгрөгийн ханш унагааж байсан юм.
Мөн өөрийн хүргэн Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын даргаар ажиллуулж, хүргэндээ “Эрдэнэс Тавантолгой” компаниас 17 тэрбумын тендер авч байсан нь илэрч байв. Хөгжлийн банктай холбоотой нөлөө бүхий улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байгаа Н.Алтанхуягийн улсын төсвийн хөрөнгийг үрсэн баримт тэрбум, тэрбумаар биш их наядын хэмжээнд яригдаж магадгүй байна.
Тиймээс Эрдэнэт хотын иргэд УИХ-д илгээсэн гишүүнээсээ хариуцлага нэхэж, түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар гарын үсэг цуглуулж байна гэж иргэд мэдээлж байна.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: zuv.mn