Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэхдээ энэ жил цар тахалын улмаас санхүүгийн асар том хүндрэлтэй тулгарч байна. Төсвийн орлого 3,8 их наядаар тасарсан учир энэ оны төсвийг тодотгох шаардлагатай болсон.
Цар тахалын эсрэг авч хэрэгжүүлэх хуультай холбоотойгоор нэмэлт зардлыг санхүүжүүлэх ачаалал төсөвт ирж байна. Энэ нь зөвхөн манай улсын хувьд тулгамдаж байгаа асуудал бус дэлхийн бүх улс орнууд эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарч байна. Энэ дунд хамгийн ачаалал багатайгаар яаж гарах вэ? гэдгийг хэлэлцэх нь чухал. Тухайлбал онцгой нөхцөл байдлаас үүссэн энэ төсвийн алдагдлыг хэрхэн яаж нөхөх вэ? гэх асуудал гарч байна. Иймд тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлуудаа танах ёстой, нэмэлт дайчилж болох орлогуудаа дайчлах хэрэгтэй. Мөн гадаад зах зээл дээр бидний ямар боломж, эх үүсвэрүүд байна гэдгийг судлах гэх мэт ажлууд хийгдэх шаардлагатай. Ингэхдээ аль болох иргэн, аж ахуйн нэгжүүддээ дарамт багатай байх арга замыг сонгох юм.
Хамгийн гол нь төсөв тойрсон улсын үйлдвэрийн газрууд, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны танаж болох зардалд хэмнэлт хийнэ. Одоогоор УИХ-ын гишүүдийн зардлын төсвөөс 323 сая төгрөгийн хэмнэлт гаргасан гэлээ. Цаашид төсвийн байгууллагуудын 10-15 хувийн үйл ажиллагааны зардлыг нь хэмнэх боломжуудыг гаргаж ирэхээр төлөвлөж байна. Мөн Сангийн яам бүтээн байгуулалтын хувьд тодорхой зарчим баримтлан ажиллажээ. Үүний үр дүнд энэ онд 523 тэрбумын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэсэн байна.
Энэ жил төсөвт суусан боловч тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй хөрөнгө оруулалтуудыг зогсоосон, мөн тэвчиж болох онцын шаардлагагүй гэж эрэмбэлэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтуудыг хассан байна.