Дэлхийн цээл хоолойтнуудын их наадам буюу Чайковскийн нэрэмжит шагналыг Монголдоо авчирсан хосгүй авьяастан бол МУГЖ Ариунбаатар. Түүнийг урлагийн гал тогоонд оруулсан буянтай багш нь МУГЖ, хөгжмийн зохиолч Гаваасүрэн гэж урлагийн төлөө амьдралаа зориулсан хүмүүн бий.
Дэлхийн дуучин Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Тэрбээр хөдөө талд хурга, тугалтай хөөцөлдөж өссөн гэдэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татдаг аж.
Г.Ариунбаатар Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд төгсч, Улаанбаатар хотод оюутан болж ирсэн ч сургалтын төлбөрөө төлж чадаагүй учраас хоёр жилийн дараа их сургуулиа орхиход хүрчээ. Таксины жолооч хүртэл болж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Гэхдээ нэгэн шөнө амьдралыг нь үүрд өөрчлөх хүнтэй танилцсан нь Гаваасүрэн хурандаа байжээ. Үүнээс хойших урт түүхийг товчилбол, Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгад элсэж, Соёл Урлагийн Их Сургуульдаа эргэн орж, дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Энэ үеэс түүнд ОХУ, Европын дуурийн их театрын тайзнаа хөл тавих боломж нээгдсэн аж. Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт, Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа ‘Би 7-н буудлын эцэст тарвас зардаг байхад нэг Цагдаагын дарга надаас Портер тарвас аваад, Залуу ‘Гавьяат’ цаашаа өсч дэвжих хэрэгтэй, энэ бизнесээ хэн нэгэндээ өгөөд явж дасгал сургуулилтаа хий’ гэсэн. Бүх тарвасыг минь худалдан аваад зуслангийн хүүхдүүдэд үнэгүй тараагаад би цулайж билээ. Хааяа бодоход өег сайхан дурсамж’ гэжээ.
‘Чингис хаан’ одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар 2017 онд ‘BBC Cardiff Singer of the World’ дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим ‘Арвайн тал’ дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан юм.
2018 онд ‘Авьяаслаг монголчууд’ шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байсан Г.Ариунбаатар өнгөрсөн жилээс эхлэн Санкт-Петербургт суурьшиж, Марийнский театрын дуучнаар ажиллаж байна. Хувийн амьдралыг нь сонирхвол авьяаслаг жүжигчин Баярмаатай дэр нэгтгэн өнөр өтгөн гэр бүлийн эзэн болж хүний зэрэгтэй амьдарч яваа аж.