Улаанбаатар хотын ногоон байгууламжыг хамгийн илтэд нэмсэн, хүүхэд залуусын хамгийн их цугларах газар болж хамгийн зөв бүтээн байгуулалт гэгдэж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очих болсон. Үнэхээр ч өөр тэр гээд хэлчих тухлах газар нийслэлд байхгүй гэхэд болно.
Одоогоос 3 жилийн өмнө ‘Гацуурт’-ийн Чинбат гэх мөнгөө багтааж ядсан хөрөнгөтөн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд хувийнхаа хөрөнгөөр Дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулж өгнө гэх санаачлага гаргасан хүсэлтээ тухайн үеийн хотын даргад олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэж байсныг сануулья.
Тэрээр энэхүү тоглоомын талбайг байгуулахад хотын даргын зөвшөөрөл хэрэгтэй байгаа тул ийнхүү хүсэлт гаргаж байна хэмээсэн юм. Тэгвэл түүний хүүхдүүдийн төлөөх энэхүү бүтээлч санаачлагыг НИТХ дахь АН-ын бүлэг дэмжин ажил хэрэг болгох, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн тохижилт, бодлого, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүсэлт хүргүүлсэн байдаг.
Тэрбээр фэйсбүүктээ ‘Сүүлийн үед “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн’-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачилга дэвшүүлж байна. ‘Надад зөвшөөрөл өгөөч хотын дарга аа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна’ гэсэн билээ.
Энэхүү гэгээлэг хөрөнгө оруулагчийн хүсэлтийг хэрхэн хүлээн авч, шийдвэр нь ямар түвшиндээ явааг эргэн сануулж байна. Тухайн үед асуудлыг нааштайгаар түргэн шуурхай шийдсэн бол өдийд юун нөгөө тоглоом нь байсхыгээд гацдаг, эвдэрдэг парк алдрай бяцхан үрс, залуусын цуглах дуртай газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болчихсон л байх ёстой байсан даа. Ингээд бодохоор зарим хотын дарга нар ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж иржээ гэж халагламаар байгаа юм. Өөрсдийнх нь үр хүүхдүүд гадаадын Диснейлэндэд очоод тоглочихдог л юм байгаа биз Монголын маань ард иргэдийн хүүхдүүд тэгээд элсээр тоглоод л байж байг уу?