Хотын бүх дүүргийн аль хөл хөдөлгөөн ихтэй байрлалд салбаруудаа нээж хүн бүр үйлчлүүлэх болсон франчайз сүлжээ CU-д ‘хотдог’ нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрчээ. Шалгалтаар зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгөөр торгоод өнгөрлөө. Өдөрт олон арван сүлжээгээрээ асар их ашиг олдог тус газарт иймхэн хэмжээний торгууль ноогдуулж буй нь бараг л толгойг нь илж эрхлүүлснээс ялгаагүй зүйл боллоо гэж иргэд бухимдах нь зүйн хэрэг.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тус сүлжээ нь өдөр хэдэн арван салбараараа хэдэн мянган ‘хотдог’ зардагийг тоолох нь илүүц биз. Тохитой орчинд иргэд үйлчлүүлэх дуртай болсон орон зайг овжин харж шинэлэг үйлчилгээ зах зээлд нэвтрүүлсэн нь сайшаалтай ч ашиг л олж байвал хүн хоолны хордлого авч эрүүл мэндээрээ хохироод үлдэх нь хамаагүй гэж хандаж болохгүй л байлтай. Хоол хүнсний бизнес бол маш хариуцлагатай хийх ажил. Тус сүлжээгээр үйлчлүүлж буй иргэдэд сануулахад үйлдвэрлэсэн хугацаа, эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхийг лавлаж асууж байж худалдан авалт хийх хэрэгтэй хэмээн анхааруулж байна.