Саятан мөртлөө өглөө бүр эртлэн босч гудамж шүүрддэг гэвэл та итгэхгүй байх. Ихэнх хүмүүс баячууд үнэтэй машин хөлөглөж, гоо сайхны газар, үнэтэй дэлгүүр хэсч, гадаадад мөнгө үрж, казино хэсч, үнэтэй брэндээр гангардаг л гэсэн нийтлэг ойлголт бий.
Хятадын Юй Южен гэх саятан эмэгтэй өдөр бүр шөнө дунд босч, нойрсож буй хотын гудамжийг цэвэрлэх хоббитой. Гудамжаар яваа хүмүүс шүүр барьсан, улбар шар хантаазтай түүнийг байдаг л нэг ТҮК-н ажилтан гэж боддог нь гарцаагүй. Тэрбээр гудамж цэвэрлээд сар бүр 220 долларын л цалин авдаг байна.
Гэхдээ Юй бусад цэвэрлэгчээс эрс ялгаатай нь саятан. Тэр анхнаасаа саятан төрөөгүй, сугалаанд асар их мөнгө хожоогүй. Тэр энэ их эд хөрөнгө, баялгаа нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээжээ.
Юй өмнө нь жирийн нэгэн фермер байв. Тэрээр нөхөртэйгөө борви бохисхийлгүй ажиллаж, гараа хумхиж суулгүй хөдөлмөрлөсөөр удалгүй тосгондоо анх удаа өөрийн гэсэн гурван давхар хаустай болжээ.
Энэ байшингийн өрөөнүүдээ байр сууц хэрэгтэй болсон, тосгонд ирсэн хүмүүст түрээслүүлэх болов. Удалгүй тэдний бизнес цэцэглэж, эднийх дахиад таван давхар гурван байр бариулж, түрээсэлдэг болжээ.
Цааш бизнес нь аяндаа дэвжиж түрээсний зориулалттай хороололтой болжээ. Орлого ч тоймгүй өссөн. Зөвхөн түүний үл хөдлөх хөрөнгийг нь үнэлэхэд л 1,5 сая америк доллар болно.
Зарим хүмүүс энэ эмэгтэйг ажил хийхгүйгээр амьдарч болох байж яагаад биеэ зовоодог юм бэ гэж гайхаж байна уу? Эсвэл баячуудын хачин зангын илрэл гэж бодож байна уу?
Хятадад түрээсийн бизнес маш алдартай. Тиймээс Юй танилууд дундаа түрээсийн бизнес эрхэлж, мөнгөтэй болмогцоо зүгээр шахам орж ирсэн орлого гэж бодоод зөв зохицуулж чадахгүй, архины лангуунд орлого оруулж, казино тоглож үрдэг олон жишээг олж харжээ.
Юй хоёр хүүхэдтэй. Тийм болохоор хөдөлмөр бол амьдралын чухал зүйл гэдгийг өөрөө үлгэрлэн хүргэхийг хичээдэг гэнэ. Ямар мөнгө хөрөнгөтэй нь хамаагүй, үргэлж эмх цэгцтэй, улс орондоо чухал хүн байх ёстой гэж тэр үздэг.
Энэ эмэгтэйн хүү нь таксины жолооч бол охин нь оффисын ажилтан. Ээж нь тэдэндээ “Хэрэв хэзээ нэгэн цагт ажил хийхгүй л байвал би энэ үл хөдлөх хөрөнгүүдээ улсад бэлэглэчихнэ шүү” гэж анхааруулжээ.
Залхуурал ямар үр дагаварт хүргэдгийг мэддэг болохоор тэр үр хүүхдээ ажилгүй суулгахыг хүсдэггүй байна. Тиймээс хятад бүсгүй долоо хоногийн зургаан өдөр үүрийн таван жингээр 3 километр зам цэвэрлэж, 15 жилийг ардаа үджээ.