‘Алтай констакшн’-ний Х.Бат-Эрдэнийг хэдэн сарын өмнөөс Интерполоор эрэн сурвалжилж хайсны эцэст АНУ-аас барин тусгай үүргийн онгоцоор Монголд авчирсан.
Сахал Эрдэнэбилэгийн хүргэн гэгддэг Бат-Эрдэнийн ‘Алтай’ группийн талаар таагүй мэдээ тасраагүй. Сүүлийн үед тэр гээд хэлчихээр бүтээн байгуулалт огт хийгээгүйн дээр тус групп санхүүгийн маш хүнд нөхцөлд орсон талаар банкны салбарынхан цухас дурьдаад өнгөрсөн.
Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа бөгөөд тэрээр “Монгол драй милк” компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь зээлсэн мөнгөнийхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан гэнэ. “Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг юм байна.
Тэрээр зээл авсныхаа дараа компаниа төрсөн ахынхаа нэр дээр шилжүүлсэн аж. Үүний дараа ураг төрлийн холбоотой Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ.
Хувьцаагаа бусдад шилжүүлсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх аж.