МҮОХ-ны ерөнхийлөгчид Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр цор ганцаар өрсөлдөх болсонд олон янз бүрээр хандаж байна.
2017 онд тус холбооны гишүүдийн хурал зарлагдаж, ерөнхийлөгчийн сунгаа болоход гурван хүн өрсөлдөн, 80 гаруй хүний саналын дэмжлэгтэйгээр Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон түүхтэй.
Энэ удаад нэр дэвшсэн Н.Түвшинбаярыг оройдоо залах уу, дахин сунгаа явуулах шийдвэр гаргах уу гэдэг нь наймдугаар сарын 14-нд товлосон гишүүдийн тааллаас хамаарах юм.
Тус холбоо нь 100 гаруй гишүүнтэй. Нийт гишүүдийн 50 болон түүнээс дээш хувийн санал авч байж, ерөнхийлөгч сонгогдоно. Гэхдээ нэг л хүн өрсөлдөж байгаа болохоор санал хуваагдахгүй, зөвхөн ганц нэр дэвшигчид л цугларна. Бас л хоржин бодсон арга шүү. Гэхдээ МҮОХ-г бөхөөс илүү сайн менежер л удирдаж авч явна гэдгийг бодолцох ёстой. Олимпийн аварга Н.Түвшинбаяр бол яах аргагүй сайн жүдоч. Түүнтэй нь маргах аргагүй. Харин МҮОХ-г удирдаад аваад явах хэмжээний мэдлэг, боловсрол, туршлага бий юу гэвэл дутна. Түүнд тус хороо үнэндээ ахадна.
Спортын холбоог нэг, нэгээрээ өмчлөөд авчихсан, удирдаж байдаг. Өөрөө хэл аманд орвол гар хөлийн үзүүрийнхээ нэг хүнийг зүтгүүлээд, дарга болгочихдог. Энэ жишгээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох ажил л тун удахгүй хийгдэх болох нь дээ.
Уг нь МҮОХ-гоор дамжуулж, спортоо хөгжүүлье, дэлхийтэй холбоё, улс төрөөс холтгоё гэвэл Олимпийн аварга Н.Түвшинбаяр ухамсраараа ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татчих ёстой гэж мэргэжлийн хүмүүс ярьж эхлээд байна.