Тэмээ бол генетик нөөцийн уурхай
Монголчууд таван хошуу малаа таван амьд эрдэнэ гэж нэрлэдэг. Тэр тусмаа тэмээг таван тивийн улсаас манайд л илүүтэй бий гэж бахархдаг. Аян жинд түшигтэй, ачлага уналганд даацтай, ашиг шим арвин, номхон дөлгөөн зантай, тэсвэр хатуужлын туйл гээд магтаад барамгүй давуу талуудыг нь малчид сайн мэднэ. Шинжлэх ухааны салбарт ч гэсэн тэмээ бол олон талаар өгөөж арвинтай судлагдахуун.
Ер нь малын ашиг шимийг мах, сүү, арьс шир, ноос ноолуур төдийхнөөр хэмжиж болохгүй. Мал бол генетикийн шавхагдашгүй нөөц. Энэ талаас нь судалж буй эрдэмтэд ганзага хоосонгүй байгаа ажээ. Манай эрдэмтэд социализмын үеэс тэмээний ач тус, ашиг шимийг судалж ирсэн. Тэмээний сүү, хоормог, ноос ноолуур, генийн талаар хийсэн судалгааны ажил цөөнгүй.
Энэхүү судалгаа сүүлийн жилүүдэд идэвхжиж өмнөд хөршийн эрдэмтэдтэй хамтарсан төсөл болж өргөжжээ. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд судлаачид 2005 оноос тэмээний судалгааг хамтран хийж эхэлсэн аж. 15 жилийн хамтын судалгааных нь үр дүн өнгөрсөн онд “Nature Communications”, “Nature Genetics”, “Genome Biology and Evolution”, “PLoS One” зэрэг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна
Хавдрыг анагаах буурын бохь
Ингэний хоормог, буурын бохь тэргүүтнийг ийм тийм өвчинд сайн гэдэг яриаг сонсоогүй хүн үгүй байх. Буурын бохийг л гэхэд олон төрлийн өвчин эмгэгт сайн хэмээн эрэл сурал болдог. Үүнийг эмэгтэйчүүдийн зарим өвчинд сайн, мөн цөсний чулуу хайлуулах чадвартай, х.а.в.д.р.ы.н эсрэг үйлчилгээтэй хэмээн үзэж монголчууд эртнээс хэрэглэсээр ирснийг ардын уламжлалт хар бор арга гээд тоохгүй орхиж болохгүй.
Орчин цагийн шинжлэх ухаан буурын бохийг судлан ер бусын ид шидтэйг нь тогтоочихсон. Тодруулбал, ШУА-ийн Сорилын биологийн хүрээлэн болон МУИС-ийн судлаачид хамтран хоёр бөхт тэмээний буурын бохины уургийн х.а.в.д.р.ы.н болон х.а.в.д.р.ы.н бус эсэд үзүүлэх нөлөөллийг судалсан аж. Уг судалгааны үр дүнд буурын бохь нь хавдрын эсийг дарангуйлдаг бөгөөд хавдрын биш эсийн ургалтыг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоосон аж.
Мөн МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн тэмээ голлон үржүүлдэг Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурвантэс сумдын нутгийг хамруулан нас, бие гүйцсэн 25 буурнаас бохийг нь авч лабораторид шинжилсэн байна. Шинжилгээний дүн маш сонирхолтой. Юуны өмнө буурын бохины найрлагад хүн, мал, амьтны бие махбодод өндөр ач холбогдолтой олон төрлийн үлэмж ба бичил язгуур махбод болон эр бэлгийн даавар тестостерон, метилтестостерон гэх мэт биологийн өндөр идэвхит бодисууд агуулагддагийг тогтоожээ.
Мөн бохины найрлагад хүн болон мал, амьтны бие махбодод чухал ач холбогдолтой төмөр, кали маш өндөр агуулгатай байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Олон улсын хэмжээнд хүн, мал эмнэлэгт метилтестостероныг эмэгтэйчүүдийн өндгөвч, хөхний болон сав, давсагны үрэвсэл зэрэг олон төрлийн өвчин э.м.г.э.г.и.йг эмчлэх, анагаах бэлдмэл болгон өргөн ашигладаг. Харин тестостероныг түрүү булчирхайн ү.р.э.в.с.э.л, ү.р.г.ү.й.д.эл, хөгшрөлтийн эсрэг хэрэглэхээс гадна олон янзын хүчний бэлдмэл болгон хэрэглэсээр ирсэн байна.
Судалгаагаар буурын бохины найрлагад дээр өгүүлсэн тестостерон, метилтестостерон даавар өндөр агуулгатай илэрсэн нь түүнийг уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахад илүү дөхөм болжээ. Тэгвэл буурын бохь гэж юу вэ гэсэн асуулт урган гарна. Буурын бохь нь буур ороо орсон үед дагзны булчирхайнаас ялгарах өвөрмөц үнэр бүхий хар хүрэн өнгийн шүүрэл буюу нэгэн төрлийн өвөрмөц заар юм. Бохь буурны орооны ид үед ялгаран гардаг бөгөөд тухайн үедээ шингэн төлөвтэй байх боловч богино хугацаанд өтгөрөн хатдаг байна.
Манай орны хувьд хүйтний ид оргил үед буурны ороо орж, түүнчлэн бохь ялгарч буурны шилний ноосонд наалдаж хөөсөрсөн байдалтай харагдах ба ороо нь гарах үед бохь ялгарахгүй болж тэр хэсгийн ноосондоо барьцалдан хатдаг ажээ. Мөн энэ үзэгдэл нь зөвхөн хоёр бөхт тэмээний л бууранд байдгаараа онцлог гэнэ.
Хоёр бөхт тэмээний буурны бохины талаар үүнээс өмнө дорвитой судалгаа хийгээгүй бөгөөд энэ нь анхны судалгаа ажээ. Цаашид хоёр бөхт тэмээний буурны бохины химийн найрлагыг улам нарийвчлан судалж, түүнд агуулагдах биологийн идэвхт бодисуудыг ашиглан төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг эрдэмтэд судлахаар болжээ. Энэ бол үеэс үед өвлөгдөн ирсэн уламжлалт мэдлэг генетик нөөцтэй салшгүй холбоотой болохыг харуулсан ганц л жишээ.
Тэмээ судлалын “тэнхээ”
Монголчууд бид өмнийн говийн хөрсөн доорх эрдэнэсийг олборлон эдийн засгийнхаа гол тулгуур багана болгож байгаа. Оюутолгойн зэсийн орд урьдчилсан таамаг, тооцоогоор 60-100 жил, Тавантолгойн нүүрсний орд 200 жил олборлох хэмжээний их нөөцтэй. Байгалийн баялаг нөхөн төлжихгүй учир нэг л өдөр шавхагдаж дуусна. Тэр цагт яах вэ. Говийн хөрсөн дээр юу үлдэх вэ гэдэг нь хариулт нэхсэн асар том асуулт. Үүнд бид цаг алдалгүй хариулах ёстой. Ан амьтан, ургамлынх нь нөөцийг хамгаалж, хадгалж үлдэж гэмээнэ ирэх XXII зууныхны өмнө нүүр бардам байж болно. Монголын говь бол дэлхийд тавдугаарт бичигддэг том цөл. Байгаль, цаг уур, газар зүйн маш өвөрмөц бүрдэл бүхий бүс нутаг. Энэ өвөрмөц онцлогтой нь уялдаж говьд ховор амьтан, ургамал олон бий. Хоёр бөхт тэмээ л гэхэд Монголын говьд зохицон амьдардаг өвөрмөц амьтан. Тэмээ олон хоног ус уулгүй явж чаддагийнх нь нууц юунд байна вэ гэдэгт хариулъя гэвэл бүхэл бүтэн судалгааны ажил хийх хэрэгтэй болно.