Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирнэ ээ” гээд үнсүүлээд гарсан хүүгээ эмнэлэгт сахиад сууна чинээ ямар аав, ээж төсөөлөх билээ. Төр эрүүл саруул хүүг нь эр хүн болгоно хэмээгээд авч явсан ч хариуцлагагүй хандсан үйлдэл бүрээрээ “амьгүй” болсон биеийг нь ар гэрт нь “тушаасан” хэргүүд шил шилээ дараалан гарах болов. Хамгийн сүүлд л гэхэд, гуравхан сарын дараа халагдах байсан цэрэг барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон хэргийн дуулиан намжаагүй байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан 19-хөн настай хилчин цэрэг нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарлаа.
Хүүгийн биеийн байдал ноцтой хүнд байсан учир эмч нар ГССҮТ-д яаралтай хүргэж, мэс засал хийлгэхийг зөвлөж. Ингээд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэлх 1500 км замд нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүүгээ эцэг, эх нь автомашинаар тээвэрлэжээ. Хүү замдаа өвчиндөө шаналж, уйлна. Заримдаа үг хэлэх ч тэнхэлгүй болж, зөвхөн нүдээ л анивчина. Энэ тоолонд эцэг, эхийнх нь сэтгэл урагдсаар арай хийж Улаанбаатар хотод ирэв. Гэмтлийн эмнэлгийн алтан гартай эмч нар аль чадлаа гаргаж, хүүг аврахын төлөө, хоёр хөл дээр нь босгохын төлөө тэмцсэн. Тэрний ач ч гарсан. Гэвч нэгэн насаараа эр цэргийн албаа эх орныхоо торгон хил дээр хаасан гэж бахархах учиртай байсан хүү нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл нүүрлээд буй.
Асуудлын учгийг энд тайлъя. Цэргийн албанд татагдаад байсан 19-хөн настай хүү нэгхэн сарын дараа яагаад, юуны учраас гэмтэл авав. Тэр өдөр яг юу болсон бэ. Энэ талаар бид хохирогч цэргийн аав Д.Аюурзанатай ярилцлаа.
–Хүү тань хэзээ цэрэгт татагдсан бэ. Аль ангид хуваарилагдсан байсан бэ? -Хүү маань энэ оны тавдугаар сарын 02-нд цэрэгт татагдсан. Говь-Алтай аймгийн алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Яргайтын заставт хуваарилагдсан.
-Алба хааж байхдаа гэмтэл авсан гэх мэдээлэл өчигдрөөс эхэлж гарсан. Тухайн өдөр юу болсон талаар та өөрт байгаа мэдээллээ бидэнд өгөхгүй юу? -Зургаадугаар сарын 23-нд хэрэг болсон юм. Манай хүү гурван цэргийн хамт үнээ саах ажилд хуваарилагдсан юм билээ. Хүү маань үнээгээ сааж дуусаагүй байхад нь хамт ажилллаж байсан хоёр цэргийг нэг нь болох н.Дагвадорж хэмээх цэрэг дуудаж, тамхи асуусан гэсэн. “Байхгүй” гэж хариулахад нь “Барилдъя” гээд хоргоогоод байсан гэсэн. Тэгэхээр нь “Ганц удаа шүү” гэж хэлээд барилдаж. Тухайн үед хүү маань баруун хөлийг нь авчихсан зогсож байтал өнөө цэрэг нь өмднийх нь ар талаас татаж байгаад өргөөд шидчихсэн гэсэн. “Нэг сэрэхэд ангийн хаалгаар өргөлцөөд гарч явсан” гэж хүү маань хэлсэн.
-Тэгэхээр шидүүлсэн даруйдаа ухаан алдсан гэсэн үг үү? -Тийм ээ. “Босооч” гэж хэлэхээр нь “Би босож чадахгүй байна” гэж хэлснээ л санаж байна гэсэн.
-Барилдсан цэрэгтэй танай хүү хувийн таарамжгүй харилцаатай байсан юм болов уу -Зургаадугаар сарын 12-нд болсон тангарагийн баярт нь эхнэр бид хоёр хоёулаа очсон. Цэргүүдийн дунд бөхийн барилдаан болсон. Барилдаанд хүү маань үзүүрлэж, н.Дагвадорж хэмээх тэр хүү түрүүлсэн юм.
Хэрэг гардаг өдөр н.Дагвадорж өөр ажил дээр байсан хэрнээ “Ариун цэврийн өрөө орно” гэж чөлөө аваад үнээ сааж байсан хүү дээр минь ирж барилдсан байна лээ. Алтай сумын уугуул, сумандаа алба хааж байсан гэсэн үг.
-Хүү тань цэргийн анги дээрээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар та хоёрт хэзээ мэдэгдсэн бэ? -Манайх хөдөөний малчин айл. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд амьдардаг. Хэрэг гарсан өдөр буюу зургаадугаар сарын 23-нд аймгийн төв дээр амьдардаг хадам ах руу цэргийн ангиас нь “Алтангэрэлийн гар нь хугарчихлаа” гэсэн байсан. Тэрийг сонсоод эхнэр бид хоёр санд мэнд очсон.
-Та хоёр шууд аймгийн эмнэлэг рүү явсан уу?
-Уг нь Мааньтын Сайр гэх газарт уулзана гэж ярьсан юм. Биднийг очих гэсээр байтал хоцорчихсон. Тэгээд араас нь очсон.
-Та хоёрыг очих үед хүүгийн тань биеийн байдал ямархуу байсан бэ?
-Очих үед хүзүүний хамгаалалттай, тэргэнцэр дээр суучихсан байсан. Хүүг маань заставаас нь 50 гаруй километрт ямар ч хүзүүний хамгаалалтгүй тээвэрлэсэн байна лээ. Тэгээд өөдөөс нь эмнэлгийн тусламжийн машин тосож аваад эмнэлэгт хүргэсэн байсан.
-Аймгийн эмч нар онош тодруулахаар хот руу явахыг зөвлөсөн гэж байсан. Бас ийм хүнд гэмтэлтэй хүнийг газраар тээвэрлэсэнд олон нийт бухимдаж байна. Хотод ирээд шинжилгээ өгөхөд ямар онош гарсан бэ?
-Аймгийн эмч нар хот руу газраар тээвэрлэж болно гэдэг зөвшөөрөл өгсний дагуу хотрд ирсэн. ГССҮТ-д ирснээс гурван өдрийн дараа хагалгаанд орсон. Хүзүүний тав, зургаадугаар үе мултралтай, нугасны хатуу хальс урагдалттай, нугалмын арын зөөлөн эд урагш гулссан байсан. Зургаадугаар сарын 27-нд өгсөн MRI шинжилгээгээр “Тавдугаар нугалам урагш гулссан, нугасны хатуу хальс урагдалттай, зөөлөн эдэд шингэн хурсан, нугасны эдэд хаван нэвчдэс няцралтын голомттой” гэсэн хариу гарсан.
-Алба хааж байсан цэргийн ангиас нь та бүхэнтэй хотод иртэл холбогдсон уу. Одоо холбоотой байгаа юу? -Хэрэг гарсанаас хойш тухайн цэргийн ангийн эмч нь бидэнтэй холбоотой байсан. Хагалгаанд орсоны дараа буцсан.
-Хүүтэй тань барилдсан гэх цэрэг одоо цэргийн ангидаа байгаа юу. Ямар нэг хариуцлага яригдсан зүйл бий эсэх талаар цэргийн ангийн удирдлагуудаас тодруулсан уу? -Уг нь цэргийн ангийн хяналтад байгаа л гэж байсан. Гэтэл үгүй юм шиг байна лээ. Осол болсноос хойш энэ сарын 8-9-нд Алтай суманд зохиогдсон цолгүй 32 бөхийн барилдаанд барилдау байгаа бичлэг нь цацагдсан байсан. Эхнэр маань түүнийг нь харчихаад цэргийн ангийн захирагч н.Батжаргалтай холбогдоход “Хоёр хүүхдийн хооронд л болсон зүйл. Хохирсон нь л хохироно. н.Дагвадорж албаа хаагаад л явж байгаа. Өөр яах юм” гэж хэлсэн гэсэн. Маргааш нь холбогдоод “Уучихсан байхад нь холбогдсон байна. Элдэв зүйл ярьсандаа уучлалт гуйж байна” гэсэн байна лээ.
-н.Дагвадорж болон хэрэг гарах үед цуг байсан цэргүүд ямар мэдүүлэг өгсөн юм бол? -“Би Алтангэрэлийг давуулаад гуядсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл хүнийг гуядаж мушгихад хэзээ ч толгойгоороо унахгүй. Хүү маань хэлэхдээ өмднийх нь ар талаас татаж аваад өргөөд шидчихсэн л гэсэн.
-ХҮҮГИЙН ХОЁР ГАР МЭДЭЭГҮЙ, ХҮЗҮҮГЭЭ ХАДУУЛЖ, ХӨЛ ДЭЭРЭЭ АРАЙ ХИЙН АЛХАЖ БАЙНА-
-Хүү тань одоо Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна шүү дээ? -Тийм ээ. ГССҮТ-д хагалгаанд ороод хэдэн өдөр эмчилгээ хийлгээд энэ сарын 4-нд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү шилжүүлсэн. Өчигдөр /2022.07.18/ эмч нар нь эмнэлгээс гаргана гэж ярьсан. Би ч хэлсэн. Очих үед нь тархины хаван чиглэлд нь эмчилгээ хийгдсэн гэсэн. Наадмын үеэр бараг л эмчилгээ хийгээгүй гэж. Одоо сэргээх эмчилгээ гэж зүү л тавьж байгаа. Ээж нь сахиураар цуг байна. Би орж уулзаж чадахгүй байгаа.
-Одоо биеийн байдал нь ямархуу байгаа вэ? -Хоёр гар нь мэдээгүй болсон. Эрхийн долоовор хурууны үзүүрээ хөдөлгөх үү, үгүй юүтэй байгаа. Толгой тархи нь өвдөөд байгаа гэсэн. Эмч нарын зүгээс хэдээ мэдээ орохыг нь хэлж мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Хүзүүгээ хадуулсан. Хүзүүний хамгаалалттай, муу л алхаж байгаа.
Мэдээллийн эх сурвалж: ubn.mn













