Цар тахлын тархалттай холбоотойгоор Энэтхэгт сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Ихэнх сургуулиуд буюу нэн ялангуяа засгийн газрын харьяа, хөдөө орон нутаг эсвэл алслагдсан бүсийн сургуулиуд хичээлээ үргэлжлүүлэхийн тулд олон сорилттой нүүр тулжээ.
Интернетийн сүлжээгүй, утас, зөөврийн компьютер гэх мэт электрон төхөөрөмжгүй амьдралын түвшин доогуур хүүхдүүд цар тахлын үед зайнаас суралцах нь тэднийг яг л ядуу бол сурах эрхгүй гэж байгаатай адил тэгш бус байдлыг үүсгэсэн байна.
Энэтхэгийн Баруун Бенгал муж дахь алслагдсан тосгоны бага ангийн багш Двипнараян Найк хүүхдүүдэд тэгш бус хандахыг хүсээгүй аж.
Тэрээр сорилт, бэрхшээлийг боломж болгож задгай талбайд хичээл зааж эхэлжээ. Ингээд байшингийн гадна талыг самбар, гудамжийг анги танхим болгон ашиглаж сурагчдадаа хичээл заасаар байна. Хүүхдүүдэд хүртээмжтэй байлгахын тулд нөтбүүк, микроскоп зэрэг хэрэглэгдэхүүнээ хүртэл гадаа талбайн ангидаа зөөж авчирчээ.
Багш Двипнараян Найк хэлэхдээ: ‘Би хүүхдүүдэд цар тахлын үед хэрхэн зай барих, амны хаалт тогтмол зүүх, гараа угаахын ач холбогдол зэргийг бүгдийг нь тайлбарлан ойлгуулсан’ гэдгийг BBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Эх сурвалж: BBC













