Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох тухай асуудал яригдаж эхэлсэн байна. Энэ өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд компанийн 1072 хувьцааг олгоогүй билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн нийт хувьцааны 5,3 хувийг хүүхдүүдэд олгохоор болсон.
Өөрөөр хэлбэл 795 сая ширхэг хувьцаа тараах аж. Мөн компанийн зүгээс хэдэн ширхэг хувьцааг хэчнээн хүүхдэд олгох талаарх саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаа юм байна.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эсвэл нэг сая төгрөгөөр бэлнээр авах болон сургалтын төлбөрөө даалгах сонголтыг өгсөн байдаг. Тэдний зарим нь сая төгрөг бэлнээр авах, сургалтын төлбөрөө төлүүлэх сонголт хийснээр тараахаар төлөвлөсөн хувьцааны тодорхой хэсэг үлдсэнийг шинэ төрсөн хүүхдүүдэд тараахаар зэхэж байгаа юм байна.

Эрдэнэс Тавантолгой ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ‘Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилтын тухайд хөрөнгө оруулалт 10,1 их наяд байна. Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ. Орлого 32 их наяд, үнэлгээ 50 их наяд төгрөг байна. Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна. 20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно.’ Хэмээжээ.













