УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын 8 хүнд анхан шатны шүүхээс Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр үлдээсэн тул тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хяналтын шатны шүүхэд хандсан нь энэ аж. Тодруулбал: УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдсон юм. Тэрбээр энэ хэрэг буруугүй хэмээн мэдэгдэж анхан шатны шүүх хурлыг нээттэй явууулах санал гаргасан. Гэвч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй юм. Хяналтын шатны шүүх хурлыг нээлттэй явуулж, сэтгүүлчдийг оруулах хүсэлтийг хэргийн оролцогчид шүүхэд гаргасан гэх мэдээлэл байна. Өмнөх хурлууд нь нээлттэй гэсэн нэрээр болж байсан ч шүүх хурал эхлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг танхимаас гарган шийдвэр гаргаж байсан нь нээлттэй нэрийн дор хаалттай шүүх хурал хийж байсан гэж хэлэхэд болно.
Тэгвэл тун удахгүй Номтойбаярын давж заалдах шатны шүүх хурлын тов зарлагджээ. Бид энэ удаад түүний талаар нэгэн үе түүний удирдлаган дор ажиллаж байсан Буянжаргалын Болороо хэмээх тусгай хэрэгцээт бүлэгт багтдаг бүсгүйн чин сэтгэлийн талархалын үгийг хүргэхээр шийдлээ.
Би Анх 2016 онд ажил олдохгүй, цаг үе хэцүү байхад нүүр номондоо нөлөөллийн бичлэг оруулж нийгэмд гарч ирсэн. Тухайн үед би яаманд ажилд орох өргөдлөө өгч байсан. За энэнээс өмнө их сургуулиа төгссөнөөс хойш бараг л 5 удаа өгөөд нэг ч удаа нааштай хариу авч үзээгүй байлаа. Гэтэл 16 оны сонгуулийн дараа Н.Номтойбаяр сайд ажлаа аваад намайг ажилд авч байлаа. Орон тоо байхгүй учир нөхцөл байдлаас шалтгаалан гэрээт ажилтнаар авч байсан юм. Миний хувьд тухайн үед ажилтай болж, ээждээ нэмэр болох л хамгийн сайхан байлаа. Мөн Номтойбаяр сайд ажлаа өгөхөөсөө өмнө Болороог дараа нь ямар ч хүн ирээд халж чадахааргүйгээр хугацаагүй гэрээтээр ажиллуул гэж үүрэг даалгавар өгсөн байдаг. Эргээд бодоход намайг ажилд авсан гэж нэг ч удаа попорч явахыг нь сонсоогүй, ганц удаа яамны ажилчдын нэгдсэн хурал дээр намайг танилцуулахдаа л хэлж байсан.

Хичнээн тухайн үед би бичлэг хийж гарч ирсэн байсан ч яаманд ороогүй бол өдийд хэн ч бишээрээ байх ч магадлалтай. Тиймээс Номтойбаяр сайд хичнээн муу нэртэй гэж хүмүүст адлагддаг ч миний хувьд ач санах ёстой хүний нэг. Миний хувьд энэ хүнтэй нэг ч удаа ярилцаж, гар барьж ч үзээгүй. Над шиг танил талгүй; мөнчгөрөөрөө яваа хүнд төрийн албанд орно гэдэг үнэхээр том даваа байсан. Харин 3.8 жил ажилласны дараа энэ 7 хоногт жинхэллээ. Энэ постыг уншаад улс төржүүлэхгүй байхыг хүсье, жинхэлсэн хүний сэтгэл хөдлөлөөр бичлээ. Ээж маань хэн байснаа хэзээ ч битгий март, хүний тусыг байнга санаж яв гэж үргэлж захьдаг. За тэгээд одооноос төрийн жинхэнэ албан хаагч боллоо шүү гэжээ.













