Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил бол уулчдын мөрөөдөл. Энэ оргилд Монгол Улсын төрийн далбаа хэдэнтээ намираад буй.
Энэ буухиаг үргэлжлүүлэхээр Монголын уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эверестийн ноён оргилыг зорьсон. Тэд хүчилтөрөгчгүй, хөтчийн тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан гэдгээрээ бусад уулчдаас ялгарч байв. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй хэдий ч бас нэгэн шинэ түүхэн амжилт бүтээхээр эх орноосоо мордсон юм.
Эдгээр монгол залуус 8848 метр өндөр Эверестийн оргил хүртэлх хэцүү авиралтаа зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн. Тэд үндсэн отгоос дээш бүх ачаагаа өөрсдөө үүрч, отгоо барьж хөтөчгүй явна гэдгээ зарлаад замдаа гарсан.
Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг сураггүй алга болоод хоёр хонож байна гэж “Everest today” мэдээлэв. Тэдэнтэй хамт явсан Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кемпэд ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар дөрөвдүгээр кемпээс дээш яваад ийн хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй болжээ. Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогдсон байна. Иймд эрэн хайх ажиллагааг өчигдөр эхлүүлсэн тухай Монголын уулчдын үндэсний холбоо мэдээлсэн.
Одоогийн байдлаар дээрх уулчдыг хайх зардлыг тэдний ар гэрийнхэн гаргаж, эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Энэ зардал ойролцоогоор 108 сая төгрөг аж. Мөн тэдний хүрсэн гэгдэх өндөрлөгт нисдэг тэрэг хүрэх боломжгүй тул хөтчүүд явганаар хайж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
-Гадаадын хэвлэлүүд хэрхэн мэдээлэв-
Непал улсын “The Himalayan Times” агентлаг Эверестийн оргилыг зорьсон Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг сураггүй болсон талаар мэдээлжээ.
Тэд, “Эверестийн оргил руу хөтөчгүйгээр гарахыг оролдсон Монголын хоёр уулчин хоёр хоногийн өмнө, 8,000 метрийн өндөрт сураггүй болсон байна.
“8K Expeditions” компанийн захирал Пемба Шерпагийн /хөтөч/ хэлснээр Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар ням гарагт /2024.05.12/ оргил хүрэх замдаа, Өмнөд давааны орчим сураггүй болжээ.
Тэдэнтэй хамгийн сүүлд ням гарагийн 19:30 минутын орчимд холбоо тогтоосон. Тиймээс сураггүй болсон уулчдыг хайх ажиллагааг хоёр Шерпа яаралтай эхлүүлсэн байна. Уулчид зөвхөн суурь баазын үйлчилгээ авсан бөгөөд бие даан авирч байсан. Мөн хөтөчтэй хамт явахаас татгалзсан аж” хэмээн мэдээлжээ.
Харин “Everest Today” нэртэй Фейсбүүк пэйж хуудас тэднийг дөрөвдүгээр баазын орчим сураггүй болсон хэмээн нэмэлт мэдээлэл өгсөн байна.
Эверест уул нь авирагчид ашиглахад зориулсан хэд хэдэн баазтай. Үүний хамгийн сүүлийн буюу дөрөвдүгээр бааз нь Өмнөд даваа гэгч газарт байдаг. Өмнөд даваа нь Эверест болон дэлхийн хамгийн өндөр дөрөвдүгээр уул болох Лхоце уул хоёрын дунд оршдог. Харин суурь бааз нь хамгийн анхны бааз гэсэн үг.
Эверест рүү авирах зорилготой хүмүүс Төвд эсвэл Непалаар дамждаг. Ихэнх хүмүүс Непалаар дамжиж авирах зөвшөөрөл авч аяллаа эхлүүлдэг. Непал хэвлэл Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын тухай мэдээлснийг харвал тэд тус улсаас авирах зөвшөөрлөө авсан бололтой.
Хэрэв тийм бол Непал улс 2024 оны авиралтын улирал эхлэхээс өмнө бүх уулчдыг байршил тогтоогч чип түрээсэлж, ашиглах ёстой гэдэг журам баталсан. Өмнө нь хэд хэдэн авиралтын компани уулчдад чип өгдөг байсан. Харин одоо энэ журам батлагдсанаар хуулийн дагуу бүх авирагч чиптэй байх ёстой болсон.
Тус улсын аялал жуулчлалын агентлагийн захирал Ракеш Гурунг “CNN” агентлагт хэлэхдээ нэг чипийг 10-15 ам.доллар төлж, түрээсэлнэ хэмээжээ. Чипийг уулчдын цамцанд оёж, бууж ирснийх нь дараа хураан авна. Ингэснээр “Ослын үед эрэн хайх, аврах хугацааг багасгана” гэж Гурунг хэлсэн байна.













