Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хуучин автобус оруулж ирсэн гэх асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд шуугиан дагууллаа. Иргэдийг бухимдуулсан энэ үйл явдлын улмаас Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Ерөнхий сайдад албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийг хүлээж авах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийн асуудал юм.
Угтаа бол Ж.Сүхбаатар худалдан авалтад хамаарахгүй албан тушаалтан. Худалдан авах эрх Нийслэлийн Засаг дарга болон гүйцэтгэсэн хувийн хэвшил буюу “Тэнүүн Огоо” ХХК руу хамаарч буй. Гэхдээ өөрийнх нь түгжрэлийн эсрэг явуулж буй бодлогын хамгийн том шийдвэр нь бүтэлгүйтсэн тул хариуцлагаа хүлээх гэж байгаа нь энэ бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, тус газрын мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг Нийслэлийн 461-р ангид өчигдөр орой саатуулаад батлан даалтад гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн.
Асуудал үүсгээд буй 100 ширхэг ногоон автобусыг буцааж, гэрээнд заасан стандартын автобус худалдан авна гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдэгдэл гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд явж буй 1000 гаруй автобусны 50 орчим хувь насжилт хэтэрсэн гэх мэдээллийг Нийтийн тээврийн газарас мэдээлж байна. Үйлчилгээнд явж буй автобусны 532 нь ашиглалтын хугацаа дууссан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байдаг.













