Монгол Улс циркгүй болоод багагүй хугацааг өнгөрөөж байна. Үе үеийн л Соёлын сайдууд циркийн хувьчлалын асуудлыг шалгана гэдэг ч чимээгүй хав дарчихдаг.
Харин энэ удаа ТӨБЗГ-аас Циркийн хувьчлалын асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тэгэхээр тун удахгүй менежментийн хувьчлал нэрээр хувьд очиж, нураагдсан Улсын цирк төрийн өмчдөө эргэн ирэх нь ээ.
Уг нь 2021 оны 10 дугаар сард Соёлын сайд Ч.Номин “Циркийн барилгын хөрөнгө оруулалтаа маш яаралтай дуусга. Барилгын ажлыг дуусган, уран бүтээлчдийг бэлтгэ сургуулилтаа хийх нөхцөлийг ханга гэдэг саналыг хүргүүлсэн. Бид дахин шинэчилсэн гэрээ хийх тааар хэлэлцэж байна. Одоо байгаа цирк менежментийн гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй” гэж байв. Гэсэн ч өнөөг хүртэл таг.
Тиймээс нэгэнтээ хувьчлал нь хуудуутай байсан гэх хардлагаас гадна гэрээний хэрэгжилт нь шаардлага хангахгүй байгаа учраас улс ЦИРК-ээ аврах алхам тун ойртсон гэсэн үг.
Анх улсын циркийг Сумогийн их аварга Д.Дагвадорж буюу Аса групп /баг/ 2007 онд менежментийн хувьчлал нэрээр өөрийн болгосон.
Ингэхдээ нэг талаас ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” групп Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээ гээчийг хоёр жилийн хугацаатайгаар хийсэн байдаг. Тухайн үед циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байдаг.
Түүнээс хойш олон Засгийн газрын нүүрийг үзэж, холөогдох яамдаас нь шаардлага тавьсаар ирсэн ч өнөөдөр ЦИРК байтугай ЦИРКИЙН БАРИЛГА ч үгүй болж байгаа.
Нэгэнтээ хууль бус хувьчлалаар алдсан хөрөнгүүдээ төр буцааж авч байгаа энэ үед Менежмент нэрээр ЦИРК-ийг хувьдаа залгиж, талыг нь нураачихсан Д.Дагвадорж, энэ удаагийн Ажлын хэсгийнхэнд ямар тайлбар өгөх бол.













