Цар тахлын эсрэг дэлхийн анхны вакциныг ОХУ-ын эрдэмтэд гарган авлаа гэх мэдээ сүүлийн өдрүүдэд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байна.
Сүүлийн зургаан сарын турш дэлхий нийтийг унтаа байдалд оруулж, бидний ирээдүйн амьдралын хэв маягийг өөрчилсөн шинэ төрлийн цар тахлын эсрэг вакцин гарган авсанд баярлах хүн их боловч АНУ болон Европын орны эрдэмтэд үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Учир нь ОХУ коронавирусийн эсрэг вакциныг гарган авсан анхны улс боллоо гэх алдар, нэр хүндийн төлөө ихэд яарч гаргасан тус вакцин хамгийн сүүлийн буюу гурав дахь туршилтаа хийгээгүй гэж Германы DW сонинд бичжээ. Тэгвэл коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гэгдэж буй ‘Спутник-V’ талаар бид юу мэдэх вэ.
‘Спутник-V’ гэж нэрлэсэн нь ихэд учир утгатай юм. Нэгэн цагт Зөвлөлт холбоот улсын хиймэл дагуул хүн төрөлхтөний сансарт гарах замыг нээсэн бол одоо Оросын ‘Спутник-V’ вакцин амны хаалтгүй, тусгаарлалтгүй нийгмийг авчирч байна гэж Путин хэлжээ.
ОРОСЫН ВАКЦИН 95 ХУВИЙН АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН

Вакциныг гарган авах ажлыг тус улсын Батлан хамгаалах яам болон Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн. Оросын төрийн тэргүүн вакциныг бүртгэсэн талаар мэдээлэл хийх үеэр ‘Спутник-V’ вакцин туршилтын бүх шатыг давсан бөгөөд вирусийн халдварын эсрэг маш үр дүнтэй буюу 95 хувийн амжилт үзүүлжээ. Хүний биед цар тахлын эсрэг тогтвортой дархлаа бий болгодог гэж хэлэхийн зэрэгцээ түүний охидын нэг нь вакцин хийлгэсэн гэв. Мөн ‘Спутник-V’ вакциныг гарган авахад ажилласан судалгааны төвийн тэргүүн, вирусологич Александр Гинцбург зэрэг төрийн дээд албан тушаалтан 40 гаруй хүн вакцин хийлгэсэн гэх мэдээлэл тархаад буй.

