Өчигдөр /2023.02.21/ буюу шинийн нэгний орой шинийн 2-ны сар гарсан, энэ жил буруу өдөр золгож гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Монголчууд жил бүр шинийн хоёрны сарыг хүлээж харж, хүслээ шивнэдэг, эд мөнгө дууддаг уламжлалтай. Тэр утгаараа өчигдөр гарсан сар ямар учиртай, өнөөдөр шинийн 2-ны сар гарах эсэх талаар асуулттай байгаа юм. Бид энэ талаар зурхайч М.Намсрайгаас тодруулан асуулаа.
-Сайхан шинэлж байна уу, та? -Сайн байна уу. Ах нь уламжлалт зурхайн зурлагаараа нэгдүгээр сарын 22-нд шинэлчихсэн.
-Өчигдөр орой гарсан сарыг хүмүүс шинийн 2-ны сар, энэ жил буруу өдөр золгочихлоо гэцгээж байна. Бид энэ талаар л танаас тодруулан асуух гэсэн юм? -Худлаа юм ямар үнэ хүндтэй байдгийг ойлгохгүй юм даа. Би 1990 оноос хойш энэ талаар ярьж байгаа. Монголын ард түмэн төрийн минь сүлд өршөө гэж төрдөө залбирч явдаг. Гэтэл манай төр төргүй мэт л явах юм. Бүх юмаа буруу хийж байна. Монголын нууц товчоонд гурван хэсэгт Чингис хааныг зуны тэргүүн сард төрсөн гэж бичсэн байдаг. Манай томчуул мэндэлсэн өдрийг нь өвөл тэмдэглэдэг. Цагаан сар ч мөн ялгаагүй байнга уламжлалт зурхайгаасаа зөрж ирсэн. Тэгээд төгс буянт зурхай, шар зурхай хоёр үймүүллээ гээд хэлчихдэг. Өчигдөр оройны сар чинь хаврын дунд сарын шинийн 2-ны сар шүү дээ.
-Өнөөдөр саранд хүслээ шивнэхээр хүлээж байгаа хүмүүс олон бий. Тэгэхээр өнөөдөр ямар сар гарах бол? -Шинийн гуравны хавирган сар гарна. Шинийн 2-ны сараа бодвол нэлээд удаан хугацаанд үзэгддэг. Цагийн зөрүүгээр өндөр, нам харагдана. Арваад жилийн өмнө шинийн 2-ны сар дээр яг ийм маргаан үүсээд би одон орныхонтой хамт явж, дурандаж баталж байсан даа. -Баярлалаа.
Мэдээллийн эх сурвалж: eguur.mn













