Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хуульд хориг тавьсан байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Хоригийн үндэслэлүүдийг гар дээрээ хүлээж аваагүй. ЕТГ-аас өнөөдөр хийсэн мэдээллийг үзсэн бөгөөд процедурын алдаа гарсан гэж үзэж байх шиг байна.
Олон нийтийн байгууллагын санал шүүмжлэлийг тусгаагүй, эрх ашиг нь зөрчигдөж буй холбогдох этгээдүүдийн санал бодлыг тусгах шаардлагатай гэдэг Ерөнхийлөгчийн үндэслэлийг хүлээн авч байна. Гэхдээ миний хувьд үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим орчин дахь гэмт хэрэг маш ихээр өссөн. Иргэдийн, хохирогчдын эрх ашгийг хамгаалах эхний алхам бол энэ хууль байсан.
Цаашлаад цахим орчинд иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг тасралтгүй явуулах ёстой. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлнэ. Цаг хугацааны хувьд өнөөдөр биш юм байна. Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага зэргийг хамруулсан илүү цар хүрээтэй хэлэлцүүлэг хийнэ. Цаг нь ирэхээр энэ хуулийг дахин өргөн барих боломж олдох байх” гэлээ.













