БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг гэх хардлагад өртөж Солонгост буцаж очиж чадалгүй холдсон Монгол гэр бүлд Солонгосчууд хандив тусламжийн аян өрнүүлж эхлээд байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцолсоор байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн 33 настай А нь 2017 онд Солонгос улсад суугаа нөхөр 35 настай Г руу хоёр хүүхдийнхээ хамт очиж хамт амьдрах болжээ. Нөхөр Г-ийн хувьд Кангвоны үндэсний их сургуулийн Ойн аж ахуй, байгаль орчны шинжлэх ухааны коллежид докторын зэрэг хамгаалж, Монголын Олон Улсын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр ажиллах зэрэг маш их нийгмийн идэвхтэй нэгэн байсан аж. Иймд эхнэр А нь нөхөр шигээ D2 (оюутны) виз авахын тул солонгос хэлийг маш сайн сурсан болохыг хэвлэл онцолсон байна.

Хосууд Солонгост байр түрээслэн амьдарч байсан ба нөхөр Г нь докторын зэрэг хамгаалж, дипломын ажлаа бэлдэж байх үеэр визний хугацаа нь дууссан тул Солонгост хүүхдүүдийнхээ хамт амьдрах F3 (дагалдах) виз авахаар Монголдоо буцаж ирсэн боловч “хууль бус ажил эрхэлж байсан” гэх хэрэгт сэжиглэгдэн Солонгос руу буцаж явах боломжгүй болж гацжээ.

Энэ үеэр эхнэр А нь наймдугаар сарын 31-ний өдөр /2022.08.31/ гурав дахь хүүгээ Солонгос улсад өлгийдөн авсан бөгөөд тэрбээр ойрын хугацаанд нөхөртэйгөө уулзаж чадахгүй байх вий хэмээн айдаст автсан талаар мэдээлсэн байна. Энэхүү түүхийг сонссон Чүнчон хотын иргэд А-ийн гэр бүлд эд материалын болоод бусад тусламж үзүүлж эхэлсэн байна. Чүнчон хотын албаны хүний мэдээлснээр, “Монгол улсын иргэн А нь ганцаараа хүүхэд асрах хүндрэлтэй байгаа тул ИТХ-д хуваарилж хандивласан мөнгөөр эмнэлгийн зардал гэх мэт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн эмэгтэйг эмнэлгээс гарсны дараа хүүхдүүдийг гурван долоо хоног асрамжийн ажилтнуудаар асруулж тусална” гэжээ.
.
.
.
Эх сурвалж: Yonhap













