Гадныхан л болохоор үнэнч, шударга, албан тушаалтнууд ёс зүйтэй байдаг, харин Монголд эсрэгээрээ байдаг нь ямар учиртайг огт ойлгохгүй юм. Ардчиллын салхи монголд сэвэлзээд 30 гаруй жил болоход бид олон зүйл дээр урагшилсан боловч асар их зүйл дээр дэлхийгээс 50-100 жилээр ухарсан нь эмэгнэлтэй. Авилга чухамдаа хэдий үеэс Монголд ийм хүчтэй, газар сайгүй саад тотгор болтлоо хөгсөнийг өдгөө бид гайхаад, хэн нэгнээсээ бурууг хайгаад эцсийн буруутанг олохоо байтлаа төөрчихлөө. Гэтэл Японы, Солонгосын парламентийн гишүүдийн улс үндэстэн, ард түмнээ хүндэтгэх ёс ямар аугаа юм бэ, тэдний улстөрчид ямар хүмүүжлээр хүмүүжээд ийм шударга, ёс зүйтэй байдаг байна аа хэмээн халаглаад л суухаас өөр зүйл хийж чадах юм алга бидэнд. Улс орны хамгийн том саалийн үнээ гэгдэх Эрдэнэ УБҮГ-н удирдлагууд ганцхан жилийн дотор хэдэн тэрбум төгрөгний автомашин авч, орон байрны түрээс гээд 3-4 өрөө байр худалдан авах мөнгөө жирийн нэг менежертээ урамшуулал болгон олгодог, Монросцветмет-н дарга байсан нөхөр өөрсдийн үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг Төрийн өмчит үйлдвэрийн газраас ичих ч үгүй төлүүлдэг нь бидний эмгэнэл. Ёстой л өөрийг нь хараад, төрөл төрөгсөд нь хараад ичтэл нь шэйр хийцгээе гэдэг шиг. Нэгэн үе авилгын хэрэгт холбогдсон цагаан захтануудын бүх хөрөнгийг хураан төрийн мэдэлд авч, үе удмаар нь төрийн албанд ажиллуулах эрхийг нь хязгаарлах хэрэгтэй гэсэн санаа гарсан ч дэмжигдсэнгүй. Учир нь дээрээсээ доод шатны бүх удирдлагууд авилгад хүзүүгээ хүртэл живсэн учир тэр их тансаглалаасаа татгалздаг тэнэг хүн олдохгүй байгаа бололтой.
Мөн үүн дээр бас нэгэн жишээг энд та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Австралийн шуудангийн төрийн өмчит компанийн захирал Кристин Холгэйт гэгч татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргээр албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр компанидаа ихээхэн орлого оруулж хөрөнгө татсан дөрвөн ажилтан тус бүрээ нийт 20 мянган долларын үнэд хүрэх цагаар шагнажээ. Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон ‘Шууданд очсон доллар бүр Австралийн татвар төлөгчдийн төлөө зориулагдах ёстой’ гээд төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулсан захирлыг ажлаа өгөхийг тушаажээ.
Энэ мэт төрийн дээд шатны удирдлагаасаа эхлүүлээд агентлаг, газрын дарга нар маань ёс зүйтэй, шударга ёсыг хүндэтгэн албан тушаалаасаа татгалздаг жишиг тогтчихвол Монголын хөгжлийг тушаад байгаа тэр хар зүйл алга болж хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй аж төрөн бухимдалгүй болох нь гарцаагүй. Гол нь хүн бүр л энэхүү амархан бөгөөд хэзээ ч хэрэгжүүлж болох жишгийг дагаад эхлэх цаг оройтойгүйг сануулах илүүц бизээ.













