Монгол улсын гавьяат жүжигчин Ганцэцэг:
#Амьдралфильм #Гэргийнэвтрүүлэг өнөөдөр л бүтэн үзэв… Нэвтрүүлэг дуусахад хүн өөрийгөө бусдаас илүү сайн мэддэг гээд байсан энэ нэвтрүүлгийн гол дүр болох Доржготовын Ганцэцэгийг яаж бий болгоноо гэж нээг их санаашран бодов.
Түүний зэрэгцээ баяр бахдал төрж өөрөөрөө огшиж тэрүүхэндээ омогшив. Баяр хүргэе Ганаа, Баярлалаа Мөнхбаясгалаан Амьдрал фильмийнхэнд талархая гэж сэтгэлдээ шивнэв. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин” Миний сайхан аав” Пүрэвдоржийн Цэрэндагва ахаасаа, Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран ахаасаа сонсч үзээгүй Д.Ганцэцэгт томдсон гэмээр магтаалын үгсийг сонсоод уярч хайлав.
Уран бүтээлийн минь ээж үзэсгэлэнтэй МУГЖ Нацагдоржийн Батцэцэг эгчийнхээ хайр энэрэл шингэсэн сайхан үгсээр хүч орон ухаажих шиг. За тэгээд Алтан Партнер болох МУГЖ Гочоодоржийн Амгаланбаатар, МУГЖ Сугарын Болд-Эрдэнэ хоёроо хараад эгээтэй л…

Энэ хоёр чинь намайг магтах нь бүү хэл бидэн 3 чинь за даа ер нь л их маргалддаг байлаа шүү дээ, та минээ. Тэгсэн хоёр минь яг урдаас хараад чин сэтгэлийн үгсээ хэлж намайгаа хөөргөн дээшээ Тэнгэрт тултал шидэж байдаг шүү, сайхан…
Аримун продакшны үүсгэн байгуулагч үеийнхэндээ ур чадвараараа гайхагдсан СТА Алтангинжийн Ганчимэгийгээ хараад харин мэлмэрүүлчихдэг байна шүү. Ганух минь үзэсгэлэнтэй, ухаантай ёстой л бүх зүйл нь тэгш заяасан сайн аав, ээжийн гайхалтай охин. Өөрийнхөө бус бусдын төлөө гаргадаг том сэтгэлтэй хүн гэж хэлэхийг нь сонсоод тэр том сэтгэл зүрхийн төлөө зүтгэх ёстойгоо улам илүү ухамсарлав… Яг энэ хэсэгт Хүмүний амьдрал их богинохон доо. Бид биенийхээ сайн сайхан чанарыг дурсч эерэг үгсээр өгөөмөр байх хэрэгтэй юм байна. Сайхан үгэнд харам бүү бай гэсэн өвгөчүүлийн үг тархинд буув…
Залуу үеийн шилдэг найруулагч Мягмарнарангийн Батболдын үгнээс урам авч, шинэ содон шилдэг авьяаслаг найруулагчийн уран бүтээлд тоогдсондоо олзуурхав..… Гэнэт багын 3 найз минь өнгө алаглаад л гараад ирлээ ирлээ. Балжиннямын Амарзаяа, Болдын Амарзаяа, Сүрэнжавын Болормаа сайхан охид минь.
Хүүхэд байх үеийн Д.Ганцэцэгийн зөв хурц чанаруудыг хөглөж, муу чанаруудыг нь дарж, амьдралын хүч болж, сэтгэл дэх хүнд ачааг минь хөнгөлж өгсөн үзэсгэлэнт охид шүү дээ…

Энэхэн зуурт хүүхэд байхдаа тоглон наадаж байсан чирта, резин, дээс, гүйдэг матка(ярьдгаараа биччихсэн шүү)зэрэг бүх тоглоомууд эрээлжлээд л чи шүргэсэн шүргээгүй, чи хөндсөн хөндөөгүй, чи оносон оноогүй гэж шулганалдах охид нүдэнд харагдаад л тэгснээ сүлд модны мөчир бүр дээрхи таван хошуу нэг нэгээр нэмэгдэн хамгийн олныг авах гэж хичээл бүр дээр биенээсээ түрүүлж асуугдах гэж тэмүүлсэн “шартай” 4 охин зогсоод л ёстой кино кино.
Харин хамгийн их ухаан, зөөлөн сэтгэлийг надад өгсөн нандин сайхан Ээжийнхээ “Би охиныхоо дэргэд уйлж
болохгүй “ гэх “аймар” үгийг сонсчихоод Ээждээ гүйж очин энгэртээ нааж тэврээд эхэр татуулан ханатал нь
уйлуулахсан гэж бодогдов. Хүн өөрийнхөө зовлонг том их гэж гомдоллож гоншигнохоос надаас илүү хэн хөөрхий байна гэж боддогүй юм болов уу гэх мэт эргэлзэн суутал Томоо сайхан болсон үр минь Батболдын Хангай ээжид илүү хүнд байгаа, надад ээж байгаа юм чинь гэж намайг хайрлаж байсан ухааныг нь мэдэрч, ээ дээ Үр хүүхэд минь үндэснээсээ хол илүү том сүрлэг ургаж байна даа гэж бахархаж омогшиж, хайлан уясав.

Хүү минь одоо ээжийнхээ энгэрээс гарч, Эх орныхоо эр Цэрэг нь болжээ гэж уужим амьсгаа авсан ч ганцаардах мэдрэмж төрсөн. Харин бага хүү Көкөгөө Батболдын Хангал хараад “ишшш үр минь нялхаараа байна даа, ээжийнхээ энгэрт олон жил эрхэлхээр байна” гэж жарган баясч дахин бүтэн болсон доо.
Көкийн шилжилтийн насыг хэлэх үү, хэдхэн хором ярихдаа үе үе хүүхэд хоолой нь гарч эрх нялхамсуу болон гэнэт хоолой нь сааралтан баргил хоолой гарч солонгорох бүрт удахгүй ээжийгээ орхин Эх орныхоо хүү болох нь дээ хэмээн бодол төрсөн ч энэ удаад харин ганцаардах бус бахархан бодов.
Сургуульд орохоос минь эхлэн бүх зүйлээрээ гарамгай байж, Д.Ганцэцэгийг эрчилж хурцалж байдаг зулайг минь гишгэн төрсөн Эгчээрээ, Доржготовын Ганчимэгээр харин онгирсоон. Тэр сайн ээж, сайн охин, сайн эхнэр . Бас тэр сайн багш , сайн зохион байгуулагч удирдагч шүү дээ…
“Ойн Доржготов хэмээн нэрлэгдсэн ах минь модны төлөө төрсөн хүн “гэж хэлэх Ардын багш, эрдэмтэн доктор Сэндэнжавын Дулам ахыг хараад л аавыгаа санан ямар ч их өмөлзөв дөө…
Аавынхаа захиаг унших агшинд уйлахаас илүүтэй бид 5-н аав ийм хүн байсан юм шүү гэж аавынхаа их үйлсийн тухай, хүнийх нь тухай Монгол хүн бүрт таниулсандаа баярлаж, ийм боломжийг олгосон амьдрал фильмийнхэндээ талархах сэтгэл төрсөн…
Сайн сайхан хүмүүсийнхээ тухай гайхуулан ярьж, бахархах сэтгэлийг минь “мөнх болгож өгсөнд” нь амьдралфильмийн баг хамт олонд талархаад талархаад ханашгүй… Хань минь жинхэнэ эр хүн байсан гэдгийг, ухааных нь царааг мэдрүүлсэндээ бас баярлаж талархсан. Тиймээ, би сайн хүний үргэлжлэл, хоёр хүү минь ч сайн хүний үргэлжлэл. Эргэн тойронд дандаа сайн сайхан нь гэрэлтэж хайр нь халгисан хүмүүс байгаа болохоор л би жаргаж байдаг юм шүү дээ… Амьдрал фильмийн “Бусдаас сайхныг нь олж хараад бусдад түгээхийг зорьсон” ариун гэгээн үйлс, чин сэтгэл, үнэнч зүтгэлд нь талархая… Амьдрал гэдэг өргөн агуулгатай гүн гүнзгий “том үг” Энэ үгээр нэрлэчихээд Хөрөг нэвтрүүлгийг хэдхэн өдрийн зураг авалтаар хийнэ гэдэг дэндүү “хөнгөн” санагдсан учир тэд байгаль ээжийг ээлжлэх 4 улиралтай нь, амьдралыг солонгорох түмэн өнгөтэй нь багтаан Гэргий нэвтрүүлгээ хийж бүтээх гэж “томоор” хөдөлж, урнаар сэтгэж “кино шиг нэвтрүүлэг” бэлддэг юм байна даа хэмээн бахархан бодов.
Эмэгтэй хүний амьдралаас, ханиасаа, үр хүүхдээсээ авч болох хамгийн хүндтэй алдар “Гэргий” нэвтрүүлэгт
оролцсондоо эмээж байсан бол одоо нэвтрүүлгээ үзчихээд улам их хичээн зүтгэх өндөр үүрэг хариуцлага ирлээ дээ хэмээн ухаж сууна. Хүн бүр эрүүл энх жаргах болтугай” гэжээ.













