Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ “Элон Маскын “Старлинк” үйлчилгээ орж ирнэ гэж байсныг битгий мартаарай. Учир нь Монголчууд даргын компаниар дамжихыг шаардсанд нөгөө хэд нь салаавч өгөөд дараагийн улс руугаа явав. Харин бид намагтаа үлдэв” хэмээн жиргэсэн нь нийгмийн анхаарлыг татсан юм.
Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан “Цахим Хөгжлийн яам ямар нэг лиценз, зөвшөөрөл өгдөггүй. Элон Маскаас авлига нэхэх бүдүүн зүрхтэй, өлөн ходоодтой, эрээ цэрээгүй даргыг мэдэж байгаа бол та илчлэх үүрэгтэй…!!! ГЭМТ ҮЙЛДЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ НЬ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ…!!!” хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн юм.
Үүнээс нэг их удалгүй Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдэгдэл гаргасан юм. Уг мэдэгдэлд ” Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл” – ээ баталсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Telstra, Amazon зэрэг компаниуд Монгол улсад энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлэх үүд хаалга нээгдэж томоохон алхмаар урагшилсан.
Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг
Ийнхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд өндрөө авч, эрх баригч хүчнийхэн дотроосоо Элон Маскад “үгүй” гэж хэлсэн зоригтонг хайсан асуудал “Элон Маскын “Starlink” интернет сүлжээнд 2023 онд холбогдох орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан хэвээр байна” гэх мэдээллээр намжмал байдалд орлоо.
Эцэст нь Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ чухам яагаад ХУДАЛ жиргээ бичиж, нийгмийг бухимдуулсан нь хариулт нэхэн үлдэж байна.













