Турк улс руу энэ сарын 9-нд Smile Grace гэх аялалын компанийн 7 өдөр 8 шөнийн аялалд явсан 33 иргэний 10 иргэнийг авч явсан аялалын компани нь Памуккалед орхиод явжээ. Иргэд өнөөдрийн байдлаар гудамжид гарсан нөхцөл байдалтай байна. Бид тухайн газарт байгаа иргэнээс мэдээллийг тодрууллаа. Турк улсад хэзээ очсон бэ? -2022 оны дөрөвдүгээр сарын 09-нд Smile Grace гэдэг аялалын компанийн 7 өдөр 8 шөнийн аялалд явсан. Туркийн Анталъя хотод буугаад One resort гэдэг буудалд байрласан. Анталъяад хоёр хоносон. Хотын аялал байсан учраас Памуккале руу орчуулагчтай нийлээд 44 хүн явсан. Гэтэл тэнд очоод 10 хүнийг хаяад явсан.
10 хүнийг хаяад явсан гэдэг нь ямар учиртай вэ? -Аялалд явсан 33 хүний 10 нь хоёр хотын аялалд 33 нь гурван хотын аялалд явах төлөвлөгөөтэй байсан юм. Памуккалед очоод дөрвөн одтой зочид буудал гээд буулгатал тэр нь дэн буудал байсан. Маргааш нь гурван хотын аялалаар явах 33 хүн нь Истанбул руу яваад, бид 10 хүнийг хаяад явчихсан. Орчуулагч нь хүртэл 33 хүнийг дагаад бид хэд яах нь тодорхойгүй памуккалед хаягдсан.
Та хэд тэндээ хэр удсан юм? -Бид нар буцаад Анталъя руу яваад таван одтой нэг буудалд буусан. Ерөнхийдөө 4 сарын 11-28 хүртэл бид нар энд өөрсдийн зардлаар бүх төлбөр тооцоогоо хийсэн. Уг нь бид анх дөрвөн сая төгрөгөөр 7 өдөр найман шөнийн аялалд явсан. Ингэхдээ буудал, хоол, ирж очих онгоцны билет бүгд багтсан.
Тухайн Smile Grace компанидаа хандахаар юу гэдэг тайлбар хэлдэг вэ? -Та нар өөрсдөө зардлаараа буцаж ир, бидэнд хамаагүй гэдэг. Анталъяад таван одтой гээд байгаа зочид буудалд нь өдрийн сая гаруй төгрөгийн төлбөр төлж байрласан. Өчигдөр шөнө аялалын компанитайгаа холбогдтол Истанбулд хүрээд ир гэхээр нь ирсэн. Одоо холбогдохоор утсаа авахгүй, Монголд байгаа ар гэрийнхэн компанид нь очоод уулзахаар “өөрсдөө төлбөрөө төлөөд ир” гээд бөөн хэл ам болж байна. Бид Монголд байгаа ар гэрийнхээ хүмүүсээс 20 гаруй сая төгрөг өнгөрсөн хугацаанд авсан. Одоо бид яахаа мэдэхгүй байна. Хэнээс ч мөнгө зээлэх аргагүй, хүнд байдалд орчихлоо. Энд одоогийн байдлаар 3-65 насны 10 хүн мөнгөгүй, санхүүгийн асуудалд орчихсон, буцаж чадахгүй л нөхцөл байдалд байна.Мөнгөгүй болохоор буудлаасаа хөөгдчихсөн байна.
Одоо яг хаана байгаа юм? -Гудамжид сууж байна, настай хүмүүсийн даралт ихэсч хүүхдүүд уйлаад хэцүү байна. Консулдаа хандаж үзэв үү? -Утас руу нь залгаад огт авахгүй байна. Компаниас нь ямар ч хариу хэлээгүй юу? -Буцах билетийг захиалж өгье гэхээр нь бид нар хүлээсэн. 4 сарын 16-нд тийм зүйлийг хэлсэн ч одоо болтол таг чиг байна. Хүлээгээд 12,13 хонож байна. Компани нь дампуурах гээд биднийг өөрсдөө хүрч ирээд, ирэхээр чинь мөнгийг чинь өгье гэсэн.
ЭХ СУРВАЛЖ: Zarig.mn













