“Монголын баритон” гэж алдаршсан дуучин Г.Ариунбаатар өөрийн цахим хуудаснаа нэгэн баяртай мэдээг хуваалцлаа.

Тэрбээр: “Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж ялалт байгуулж энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээ дөнгөж сая хүлээж авлаа.

Өмнө нь манай нэрт дуучин Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ.” хэмээжээ.
Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай. Өнгөрсөн 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.













