Эдийн засаг хүндхэн байгаагын улмаас эргэн төлөлт нь хоцорсон зээлүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2020-12-31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэнэ гэж Монголбанк шийдвэрлэлээ. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргаснаас хойшхи 4 сарын хугацаанд нийт 76 мянга орчим зээлдэгч 663 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулжээ.
Энэхүү өөрчлөлт нь ‘өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө, зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болсон’ гэж Монголбанкны удирдлагууд хэлж байна.
Цар тахал дэлхий нийтээр тархаж улс орнууд хөл хорио тогтоосон, түүн дотор Монгол улс ‘өндөржүүлсэн бэлэн байдал’ зарлаж, иргэн, аж ахуйн нэгж хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж, орлого буурч байхад, энэ шийдвэрийг арилжааны банкнууд хэрэгжүүлэх нь иргэдэд төдийгүй банкны системийг тогтвортой байлгах эерэг нөлөөтэй аж.
Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг 6 сараар сунгасан иргэд 12 сар хүртэл дахин сунгах эрхтэй боллоо. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаагүй иргэд нэг жилээр сунгах боломж нээгдлээ. Ирэгдийн санхүүгийн дарамтыг хөнгөлж, банкны салбарыг системийнх нь хувьд тогтворжуулаад байгаа хэрэглээний зээл гэж юу вэ? Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд өнгөсөн хугацаанд ‘өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг’ хэмээн хариулжээ. Орон сууцны зээл хэрэглээний зээлд ордог юм билээ. Гэхдээ энэ удаагийн хэрэглээний зээлийн сунгалтад Монголбанк орон сууцны зээлийг хамруулаагүй. Ипотекийн зээлийг 6 сар сунгах шийдвэр хэл ам болж байж 4-р сард гарсан юм. Ингэхдээ ийм зээлтэй иргэн харилцагч банкиндаа 5 дугаар сарын 1-ний дотор зээл сунгах хүсэлт гаргана. Гаргасан хүсэлтийн дагуу арилжааны банкууд тухайн иргэний ипотекийн зээлийг сунгах дараалал тогтоосон байсан. Гэвч зарим нэг арилжааны банк энэ зарчмын дагуу уг төрлийн зээлийг сунгах ажлыг зохион байгуулаагүй бололтой. Түүгээр зогсохгүй арилжааны зарим банк ипотекийн зээлийг сунгахгүй үлдээж, төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг завхаруулсан гэж үзэх боломжтой.

Ипотекийн зээлийн сунгалт иргэдэд дарамт болоогүйдээ бус харин арилжааны банкуудын ‘санаатай үйлдлийн буруугаас болж, олон зээлдэгч зээлийн дарамтаа бууруулах, төрөөс олгосон нэг удаагийн боломжыг ашиглаж чадаагүй алдсан байх магадлал маш өндөр байна. Ийм учраас Монголбанк, МБХ хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг дахин сунгах энэ шийдвэрт ипотекийн зээлийн сунгалтыг нэмэн оруулах ёстой гэж иргэд шаардаж эхлэв.













