XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө зурхайд хэрхэн зурагдсан талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан А.Жамъяансүрэнтэй ярилцлаа.
– Ирж буй бар жилийн ёгт нэрийн талаар яриагаа эхлэх үү?
– Ёгт нэр нь 60 жилд нэг удаа давтагддаг бөгөөд энэ жаранд “Сайжруулагч” хэмээх тодотголтой жил нэг л байна. Ирж буй усан бар жилд амьтдад амгалан жаргалан ирнэ хэмээн зурхайн шүнд айлдсан байна.
– Жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар шинждэг. Бар жилийн өнгө шороон үхрийн зурлага хэрхэн зурагдсан талаар ярихгүй юу?
– Шороон үхрийн толгойн өнгө хөх, биеийн өнгө ногоон, эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр хариулагч нь залуу хүмүүн бөгөөд шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Насны хувьд идэр хүмүүн байх агаад үс нь зүүн чихний араар ба баруун чихний өмнүүр хийссэн. Унгасан шилбүүр барьсан, хөл нүцгэн үхэр хариулагч хүн үхрийн баруун талд алхаж явна.

Шороон үхрийн ерөнхий шинжээс харвал жилийн эхэндээ гандуу, хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай. Хур ихэднэ. Хүйтэн болон бадган/халдварт/ өвчин гарна.
Мөн улс орон цогтой, буянтай байх нь.
Үхэр хариулагч нь залуу хүмүүн байгаа нь залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, ахмадуудад машид ширүүн болой. Үхэр хариулагч унгасан шилбүүртэй байгаа нь хаад, түшмэлтэй ард түмэн тэмцэлдэхийг илтгэж байна.
Тэгэхээр жил орж байгаа эсвэл гарч байгаа настай хүмүүс жилийнхээ заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Мөн шинэ мэндэлсэн хүүхдийнхээ заслыг хийлгээрэй.
– Байгаль цаг уурын үзэгдэл дээр тодотгоод хэлбэл, улирлын эхэндээ хуртай гэлээ. Хур тунадасны хэмжээ аюултай хэмжээнд хүрэх үү?
– Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хур ихтэй ч ноцтой хэмжээнд их биш.
– Сар шинийн баяраар хүүхдийн даахь авах үйлийг түгээмэл хийдэг. Энэ жилийн хувьд шинийн хэдэн, хэдний өдрүүд даахь авахад тохиромжтой байна вэ?
– Эрэгтэй хүүхдийн даахийг сондгой, эмэгтэй хүүхдийнхийг тэгш настайд авдаг. Хүүхдийн жилээс хамаараад үс авах өдрийг цаг тооны бичиг дээрээс харж хэлж өгч болно. Ер нь бол шинийн 15-н дотроо багтаад үс авахад сайн.
Бурхан багш шинийн 1-15-нд номын хүрд эргүүлсэн буюу их номлол үйлдсэн. Энэ хугацаанд буяны үйл үйлдвэл машид ихээр арвиждаг гэж үздэг.
– Ирж буй бар жилд ямар ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэхээр байгаа вэ?
– Мэдээж хэрэг жил орж байгаа буюу бар жилтэй хүмүүс, Логар буюу цагаан жил орж байгаа үхэр жилтэй хүмүүс засал хийлгэнэ.
Мөн 33 насны мөчлөг орж байгаа, бага харш жил орж байгаа могой, гахай жил, их харш жил орж байгаа бич, жилтэй хүмүүс засалтай.
– Гандантэгчэнлин хийд засал номын үйлд цар тахалтай холбоотойгоор тавьж буй хязгаарлалт бий юу?
– Хязгаарлалт байхгүй. Цар тахлын дэглэм сайтар сахиж цахимаар болон кассаар айлтгалын номоо бичиж байна.
Эх сурвалж: ikon.mn
***
С.Амарсайхан жилд 1 тэрбум ам.доллар олох боломжтой хийн хоолойн төслийн ”ТЭЗҮ”-ийг хийхээр тохиролцож чадлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой ярилцаж ТЭЗҮ-ийг батлах асуудлыг эцэслэн тохиролцжээ.
Ингэснээр ирэх долоо хоногт “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, Монгол Улсын газар нутгийг дайруулан БНХАУ руу тавигдах хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах Протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэж, энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэх, гарын үсэг зурах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.
2019 оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” -ын гүйцэтгэх захирал А.Миллертэй уулзахдаа Ямалийн хойгоос Хятад руу нийлүүлэх хийг Монголоор дамжуулах асуудлыг судалж үзэхийг даалгасан бол 2020 оны 3 дугаар сард “Газпром”-ын захиралтай дахин уулзаж, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгасан. Гэхдээ энэ нь хийн хоолойг Монголын нутгаар дайруулан тавина гэсэн эцсийн шийд биш байсан бөгөөд энэ төсөл үндсэндээ 20 гаруй жил ажил хэрэг бололгүй явж ирсэн юм. Тэгвэл энэ удаад бодит ажил хэрэг болж ТЭЗҮ-ийг хоёр тал батлахаар болж байна.
Хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр манай улс транзит төдийгүй хэрэглэгч орон болно. Цаашдаа байгалийн хий нь манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр болох давуу талтай. Мөн хий дамжуулсны төлбөр улсын төсөвт орж ирнэ.
Украин улс 2018 онд Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулсныхаа төлбөрт жилд 3 тэрбум долларын орлого олсон бол Беларусь улс 1,6 тэрбумыг олжээ. Хэрэв манай улс жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл 1 тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой ба цаашдаа 50 тэрбум шоо метрийг дамжуулна гэж тооцвол дээрх тоо өсөх нь мэдээж юм.













