ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан манай улсад Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдсаныг албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр “Гадаадаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлуудад хувилбарын тандалт хийхэд 12 сорьцонд О.мик.рон хувилбар илэрлээ. Баталгаажуулах шинжилгээний хариу ингэж гарсан. 10 нь Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас ирсэн бол хоёр нь гадаадын орноос ирсэн зорчигчдоос байна” гэлээ.
Ингээд бидний өчигдөр мэдээлсэнчлэн зүйл болжээ.
***
Ерөнхийлөгчийн айлчлалын багаас Омикрон илэрсэн тул энхийг сахиулагчдаар “ТУГ ТАХИХ” УУ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний баг арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилсан. Улмаар 18-ны өдөр эх орондоо ирсэн юм. Харин Өмнөд Суданд ажилласан энхийг сахиулагчдын дөрөвдүгээр ээлж мөн сарын 19-нд, Монголд газардсан.
Тэд нэг л өдрийн зөрүүтэй иржээ. Тэгвэл, Ерөнхийлөгчийн айлчлалын багийнхнаас илэрсэн коронавирусийн Омикрон хувилбарыг энхийг сахиулагчдаас илэрсэн болгох “ажиллагаа” явагдаж байж болзошгүй таамаглал байна.
Хамгийн хурдацтай тархаж буй эл к.о.р.она.вир.ус.ийн мутац Ерөнхийлөгчийн айлчлалаар Монголд орж ирвэл олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүлээх билээ…
Таамаглалыг баталж болох үндэслэлүүдийг танилцуулъя.
НЭГ: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮГҮЙСГЭВ

Бид Өмнөд Суданд ажиллаад ирсэн энхийг сахиулагчдыг нууц эх сурвалж болгон ашиглав. Ингэхэд тэдний олонх нь эл сэдвээр ярихаас татгалзаж байсныг тэмдэглэе.
Харин 19-нд эх орондоо ирсэн энхийг сахиулагч “Биднээс омикрон хувилбар илрээгүй. Тийм яриа гараагүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, баталгаажуулахад хариу нь Омикрон биш гэж гарсан. Хэргээр худал мэдээлэл тарааж байна” гэлээ. Энэ хүн тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, Багабаян дахь сувиллаас гарчээ.
Өөр нэгэн энхийг сахиулагч “Биднээс илрээгүй. Яагаад одоо хүртэл тусгаарлалтаас гаргахгүй байгааг гайхаж байна. Дөрвөн удаа шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан. Сэж.игтэй тохиолдол гарч, Япон руу явуулсан гэж худлаа шүү. Ямар ч мэдээ, мэдээлэл өгөхгүй, тусгаарлалтаас гаргахгүй байна. Энэ сарын 7-нд үлдсэн хүмүүсийг гаргана гэх яриа сонссон” гэсэн юм.
ХОЁР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД XУДAЛ ЯРЬСАН УУ

Сүүлийн энхийг сахиулагч одоо хэр Багабаян дахь тусгаарлалтад байгаа талаараа ярилаа. Харин өчигдөр /2022.01.05/ Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийхдээ “Энхийг сахиулагчдыг шууд Багабаянд тусгаарласан. Тэднийг эмчилсэн ба нэгдүгээр сарын 3,4-нд тусгаарлалтаас гарцгаасан” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл энд мэдээллийн зөрүү үүсэж байна. С.Энхболд сайд Багабаян дахь энхийг сахиулагчдыг тусгаарлалтаас гарсан гэсэн бол тэнд 13 хүн байгааг дээрх энхийг сахиулагч болон УОК-ын эх сурвалж ч баталгаажуулсан юм.
С.Энхболд сайд цаашлаад “Тэднээс 231 нь халдвар авсан байсан. Энэ дунд PCR шинжилгээгээр S генийн алдагдалтай вирусээр халдварласан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг шинжлүүлж, эцсийн хариу гаргахаар Япон улс руу явуулсан байгаа” гэсэн юм.
Бид Багабаян дахь сувиллын нэр бүхий удирдах албан тушаалтантай тодруулахад “Манайд Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчид зүгээр л ирж амардаг. Халдвартай хүн байхгүй. Бүгд шинжилгээгээр сөрөг хариу авсан хүмүүс ирдэг. Одоо энд хэдэн хүн үлдсэн байна” гэлээ.
Омикрон хувилбарын мутацын танигдах гол арга, онцлог нь S генийн алдагдал.
Мөн “Манай улс ДЭМБ-ын тусламжтай, мутац илрүүлэх төхөөрөмжийг арванхоёрдугаар сард суурилуулж, шинжилгээ авч эхэлсэн” гэж С.Энхболд сайд ярьсан юм. Өөрөөр хэлбэл бид дотооддоо к.ор.онави.русийн мутацыг илрүүлэх аппараттай байгаа гэсэн үг.
ГУРАВ: ХӨСҮТ-Д “СОРЬЦЫГ ЯПОН РУУ ЯВУУЛСАН” ГЭХ ЯРИА ГЭНЭТ ГАРЧЭЭ

Харин ХӨСҮТ доторх нэгэн эх сурвалжаас тодруулахад “Япон руу сорьц явуулсан гэх яриа өчигдөр гэнэт энд яригдаж эхэллээ. Ер нь энд ч яг Омикроны шинж тэмдэгтэй халдварын тохиолдлууд олон байгаа.
Манайд ДЭМБ-ын тусламжаар ирсэн, мутац илрүүлэх аппарат ажиллаж байхад яагаад Япон руу сорьц явуулсан гэж мэдэгдэл хийснийг мэдэхгүй байна. Аппарат ажиллаж эхлэхээс өмнө л Япон руу сорьц явуулж, Альфа, Дельта хувилбарыг баталгаажуулж байсан” гэлээ.
Энэ нь С.Энхболд сайдын мэдэгдэл логикийн хувьд маргаан дагуулах нөхцөлийг үүсгэж байна.
Мөн эргэн сануулахад, эл мутац илрүүлэх аппарат ДЭМБ-ын тусламжаар 2021 оны дөрөвдүгээр сард ирсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр “Бид аппаратаа суурилуулж байгаа. Ажилд орвол бид өөрсдөө мутацаа илрүүлдэг болно” гэж ярьж байв.
С.Энхболд сайдын хэлсэн арванхоёрдугаар сарын эхэнд ДЭМБ-ын тусламжаар рентген аппарат л иржээ.
ДӨРӨВ: ӨМНӨД СУДАНД ОМИКРОН ХУВИЛБАР БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

Тэгвэл, коронавирусийн Омикрон хувилбарын дата мэдээллийг танилцуулдаг “GISAID”, “OurWorldInData” платформуудыг шүүвэл, өнөөдрийн байдлаар Өмнөд Судан улсад тус хувилбар бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн, арванхоёрдугаар сарын 14-ний өдөр буюу энхийг сахиулагчдыг ирэхээс тав хоногийн өмнө Өмнөд Судан улсын Эрүүл мэндийн сайд Омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа талаар албан ёсоор мэдэгдэж байсан. Мөн 17-ны өдрийн байдлаар илрээгүй байсан нь ДЭМБ-ын эх сурвалжит мэдээлэлд дурдагдсан байна.
Цаашлаад, арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Өмнөд Судан улс Омикрон хувилбараас сэргийлэхийн тулд Өмнөд Африкаас ирэх нислэгүүдэд хориг тавьсан, гадаад хилээ хаасан юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн багийнхны айлчлаад ирсэн ОХУ арванхоёрдугаар сарын 6-нд анхны Омикрон хувилбараа бүртгэж авсан. Харин мөн сарын 30-ны байдлаар хэдий нь 103 тохиолдол бүртгээд байжээ.
Энхийг сахиулагчдын нислэг замдаа Этиопод газардаж, шатахуунаа дүүргээд дахин нисдэг. Өөрөөр хэлбэл дамжин нислэг үйлддэггүй нь замдаа, өөр орноос халдвар авах эрсдэлийг хааж байгаа юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
Бид Ерөнхийлөгчийн айлчлалын баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, тэд ирээд хаана тусгаарлагдсан, хэзээ тусгаарлалтаас гарсан талаар тодруулахаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албатай холбогдсон.
Ингэхэд “Бид мэдэхгүй, Гадаад харилцааны яам мэднэ” гэж хариулав. Харин Гадаад харилцааны яамны хэвлэлийн ажилтантай холбогдоход “Бид мэдэхгүй, Ерөнхийлөгчийн албаныхан мэднэ” гэлээ.
Мөн энхийг сахиулагчдын доторх аман яриаг сонсоход “Манай сүүлийн ээлжийнхнээр туг тахих гээд байна” гэлцэж байв. Түүнчлэн, энхийг сахиулагчдын төв захиргаа Зэвсэгт хүчний жанжин штаб нь Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор байдаг. Маш олон энхийг сахиулагч энэ талаар ярихаас татгалзсаныг энд дахин тэмдэглэе.
Дээрх мэдээллүүд нь айлчлалын нэр хүндийг унагахгүйн тулд энхийг сахиулагчдаас Омикрон хувилбар илэрсэн болгох төлөвлөгөө хэрэгжиж байна уу гэх таамаглалыг төрүүлж байна.













