Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал хөндөгдөж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах саналыг ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гаргасан байдаг. Улмаар энэхүү процесс үргэлжилж, засаг даргыг огцруулах асуудлыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 02 /2021.12.02/-ны өдөр хэлэлцжээ.
-ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС ГАРГАЖЭЭ-
Тус хурал нь маргаан, мэтгэлцээн дунд хоёр цаг орчим үргэлжилсний эцэст санал хураасан бөгөөд энэ үеэр “хошин шог” шиг үйл явдал болжээ. Тодруулбал, Завхан аймгийн ИТХ-д МАН-аас 21, АН-аас 19, бие даагч нэг нийт 41 төлөөлөгч ажилладаг байна.
Ингээд тус 41 төлөөлөгчийн 21 гишүүн нь засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг “Дэмжсэн” бол 20 нь “Дэмжээгүй” гэх дүн гарсан. Харин тус саналын дүнг н.Пүрэвдорж, н.Отгонням, н.Дашдондов гэх гишүүд нэгтгэж МАН, АН-ын бүлгийн дарга нар нь хянажээ. Гэтэл МАН-ын бүлгийн дарга саналын дүнг “будилуулж”, нэлээн асуудал тарьсан байгаа юм. Тухайлбал, тэрбээр “Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг дэмжсэн 21 төлөөлөгчийн нэг нь “дэмжсэн” гэх бичгийн өмнөх тоог дугуйлахдаа эргэлзээтэй зурсан байна.
Бөөрөнхийлж тэмдэглэлгүй “зүрх” шиг хэлбэрээр зурсан учир эргэлзээ үүслээ. Тиймээс дахин санал хураах шаардлагатай” хэмээн бужигнуулжээ.
Харин бусад төлөөлөгчид нь, “Юу яриад байна вэ. Дэмжсэн гэх бичгийг л тэмдэглэсэн байна шүү дээ. Бөөрөнхий, дөрвөлжин аль нь ч байсан тодорхой зурсан байна” гэж маргажээ. Гэтэл тооллогын МАН-ын бүлгийн дарга “Дугуйлаагүй. Зүрх зурсан байна” гэж зөрсөөр сүүлдээ маргаан нэлээн идэвхжиж инээх, уурлахын завсар дахин санал хураахаар тохирсон байна. Тэр даруй дахин санал хураахад АН-ын бүлгийн хоёр гишүүн өмнөх саналаасаа урваж “Огцруулахыг дэмжихгүй” гэж санал өгснөөр Засаг дарга Д.Түвшинжаргал албан тушаалдаа торгоогдож үлджээ.
Ичмээр ч ийм үйл явдал болсон нь маргаангүй үнэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах процесс цаашид ч үргэлжлэх бөгөөд тун удахгүй энэ асуудал дахин сөхөгдөж ИТХ-аар хэлэлцэгдэх аж.
Д.Түвшинжаргалын хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн багийн хамтрагч гэх бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн дэмжлэгээр Завхан аймгийн засаг даргаар 2020 оны арванхоёрдугаар сард томилогдсон. Түүнийг огцруулах асуудлыг хөндөж буй нь МАН-ын бодлого орон нутагт унаж буйг гишүүд нь хагарч эхэлснийг илтгэж байна хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Сүүлийн үед Завхан аймгийн төв талбайд зассан сүлд модоос эхлээд Засаг дарга нь хүртэл “шүүжлэл”-д орох болжээ.
ХУРЛЫН ВИДЕО:
isee.mn
Ерөнхийлөгчийн айлчлалын багаас Омикрон илэрсэн тул энхийг сахиулагчдаар “ТУГ ТАХИХ” УУ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний баг арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилсан. Улмаар 18-ны өдөр эх орондоо ирсэн юм. Харин Өмнөд Суданд ажилласан энхийг сахиулагчдын дөрөвдүгээр ээлж мөн сарын 19-нд, Монголд газардсан.
Тэд нэг л өдрийн зөрүүтэй иржээ. Тэгвэл, Ерөнхийлөгчийн айлчлалын багийнхнаас илэрсэн коронавирусийн Омикрон хувилбарыг энхийг сахиулагчдаас илэрсэн болгох “ажиллагаа” явагдаж байж болзошгүй таамаглал байна.
Хамгийн хурдацтай тархаж буй эл к.о.р.она.вир.ус.ийн мутац Ерөнхийлөгчийн айлчлалаар Монголд орж ирвэл олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүлээх билээ…
Таамаглалыг баталж болох үндэслэлүүдийг танилцуулъя.
НЭГ: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮГҮЙСГЭВ

Бид Өмнөд Суданд ажиллаад ирсэн энхийг сахиулагчдыг нууц эх сурвалж болгон ашиглав. Ингэхэд тэдний олонх нь эл сэдвээр ярихаас татгалзаж байсныг тэмдэглэе.
Харин 19-нд эх орондоо ирсэн энхийг сахиулагч “Биднээс омикрон хувилбар илрээгүй. Тийм яриа гараагүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, баталгаажуулахад хариу нь Омикрон биш гэж гарсан. Хэргээр худал мэдээлэл тарааж байна” гэлээ. Энэ хүн тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, Багабаян дахь сувиллаас гарчээ.
Өөр нэгэн энхийг сахиулагч “Биднээс илрээгүй. Яагаад одоо хүртэл тусгаарлалтаас гаргахгүй байгааг гайхаж байна. Дөрвөн удаа шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан. Сэж.игтэй тохиолдол гарч, Япон руу явуулсан гэж худлаа шүү. Ямар ч мэдээ, мэдээлэл өгөхгүй, тусгаарлалтаас гаргахгүй байна. Энэ сарын 7-нд үлдсэн хүмүүсийг гаргана гэх яриа сонссон” гэсэн юм.
ХОЁР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД XУДAЛ ЯРЬСАН УУ

Сүүлийн энхийг сахиулагч одоо хэр Багабаян дахь тусгаарлалтад байгаа талаараа ярилаа. Харин өчигдөр /2022.01.05/ Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийхдээ “Энхийг сахиулагчдыг шууд Багабаянд тусгаарласан. Тэднийг эмчилсэн ба нэгдүгээр сарын 3,4-нд тусгаарлалтаас гарцгаасан” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл энд мэдээллийн зөрүү үүсэж байна. С.Энхболд сайд Багабаян дахь энхийг сахиулагчдыг тусгаарлалтаас гарсан гэсэн бол тэнд 13 хүн байгааг дээрх энхийг сахиулагч болон УОК-ын эх сурвалж ч баталгаажуулсан юм.
С.Энхболд сайд цаашлаад “Тэднээс 231 нь халдвар авсан байсан. Энэ дунд PCR шинжилгээгээр S генийн алдагдалтай вирусээр халдварласан хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг шинжлүүлж, эцсийн хариу гаргахаар Япон улс руу явуулсан байгаа” гэсэн юм.
Бид Багабаян дахь сувиллын нэр бүхий удирдах албан тушаалтантай тодруулахад “Манайд Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчид зүгээр л ирж амардаг. Халдвартай хүн байхгүй. Бүгд шинжилгээгээр сөрөг хариу авсан хүмүүс ирдэг. Одоо энд хэдэн хүн үлдсэн байна” гэлээ.
Омикрон хувилбарын мутацын танигдах гол арга, онцлог нь S генийн алдагдал.
Мөн “Манай улс ДЭМБ-ын тусламжтай, мутац илрүүлэх төхөөрөмжийг арванхоёрдугаар сард суурилуулж, шинжилгээ авч эхэлсэн” гэж С.Энхболд сайд ярьсан юм. Өөрөөр хэлбэл бид дотооддоо к.ор.онави.русийн мутацыг илрүүлэх аппараттай байгаа гэсэн үг.
ГУРАВ: ХӨСҮТ-Д “СОРЬЦЫГ ЯПОН РУУ ЯВУУЛСАН” ГЭХ ЯРИА ГЭНЭТ ГАРЧЭЭ

Харин ХӨСҮТ доторх нэгэн эх сурвалжаас тодруулахад “Япон руу сорьц явуулсан гэх яриа өчигдөр гэнэт энд яригдаж эхэллээ. Ер нь энд ч яг Омикроны шинж тэмдэгтэй халдварын тохиолдлууд олон байгаа.
Манайд ДЭМБ-ын тусламжаар ирсэн, мутац илрүүлэх аппарат ажиллаж байхад яагаад Япон руу сорьц явуулсан гэж мэдэгдэл хийснийг мэдэхгүй байна. Аппарат ажиллаж эхлэхээс өмнө л Япон руу сорьц явуулж, Альфа, Дельта хувилбарыг баталгаажуулж байсан” гэлээ.
Энэ нь С.Энхболд сайдын мэдэгдэл логикийн хувьд маргаан дагуулах нөхцөлийг үүсгэж байна.
Мөн эргэн сануулахад, эл мутац илрүүлэх аппарат ДЭМБ-ын тусламжаар 2021 оны дөрөвдүгээр сард ирсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр “Бид аппаратаа суурилуулж байгаа. Ажилд орвол бид өөрсдөө мутацаа илрүүлдэг болно” гэж ярьж байв.
С.Энхболд сайдын хэлсэн арванхоёрдугаар сарын эхэнд ДЭМБ-ын тусламжаар рентген аппарат л иржээ.
ДӨРӨВ: ӨМНӨД СУДАНД ОМИКРОН ХУВИЛБАР БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

Тэгвэл, коронавирусийн Омикрон хувилбарын дата мэдээллийг танилцуулдаг “GISAID”, “OurWorldInData” платформуудыг шүүвэл, өнөөдрийн байдлаар Өмнөд Судан улсад тус хувилбар бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн, арванхоёрдугаар сарын 14-ний өдөр буюу энхийг сахиулагчдыг ирэхээс тав хоногийн өмнө Өмнөд Судан улсын Эрүүл мэндийн сайд Омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа талаар албан ёсоор мэдэгдэж байсан. Мөн 17-ны өдрийн байдлаар илрээгүй байсан нь ДЭМБ-ын эх сурвалжит мэдээлэлд дурдагдсан байна.
Цаашлаад, арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Өмнөд Судан улс Омикрон хувилбараас сэргийлэхийн тулд Өмнөд Африкаас ирэх нислэгүүдэд хориг тавьсан, гадаад хилээ хаасан юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн багийнхны айлчлаад ирсэн ОХУ арванхоёрдугаар сарын 6-нд анхны Омикрон хувилбараа бүртгэж авсан. Харин мөн сарын 30-ны байдлаар хэдий нь 103 тохиолдол бүртгээд байжээ.
Энхийг сахиулагчдын нислэг замдаа Этиопод газардаж, шатахуунаа дүүргээд дахин нисдэг. Өөрөөр хэлбэл дамжин нислэг үйлддэггүй нь замдаа, өөр орноос халдвар авах эрсдэлийг хааж байгаа юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
Бид Ерөнхийлөгчийн айлчлалын баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, тэд ирээд хаана тусгаарлагдсан, хэзээ тусгаарлалтаас гарсан талаар тодруулахаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албатай холбогдсон.
Ингэхэд “Бид мэдэхгүй, Гадаад харилцааны яам мэднэ” гэж хариулав. Харин Гадаад харилцааны яамны хэвлэлийн ажилтантай холбогдоход “Бид мэдэхгүй, Ерөнхийлөгчийн албаныхан мэднэ” гэлээ.
Мөн энхийг сахиулагчдын доторх аман яриаг сонсоход “Манай сүүлийн ээлжийнхнээр туг тахих гээд байна” гэлцэж байв. Түүнчлэн, энхийг сахиулагчдын төв захиргаа Зэвсэгт хүчний жанжин штаб нь Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор байдаг. Маш олон энхийг сахиулагч энэ талаар ярихаас татгалзсаныг энд дахин тэмдэглэе.
Дээрх мэдээллүүд нь айлчлалын нэр хүндийг унагахгүйн тулд энхийг сахиулагчдаас Омикрон хувилбар илэрсэн болгох төлөвлөгөө хэрэгжиж байна уу гэх таамаглалыг төрүүлж байна.
М.ТЭНГИС
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
Эх сурвалж: eguur.mn













