Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тогтоосон хөл хорионоос үүдэн өнгөрсөн онд гадаадын авиа компаниуд Монгол руу урьдын адил тогтмол нислэг хийгээгүй. “К.о.в.и.д-19”-ийн тархалт, н.а.с бар.сан иргэдийн тоо хүн амтай нь харьцуулахад олон байсан тул ихэнх орон манайд хаалттай хэвээр байсан билээ. 2021 оны хоёрдугаар хагасаас аюулгүй байдлын түвшингээ бууруулсан ч гадаадынхан Монголыг олноор зорьж ирсэнгүй. Тэр ч бүү хэл урд хөрш маань хилээ тодорхойгүй хугацаагаар хааж, манайх өргөн хэрэглээний хүнс, барааны хомсдолд ороод байна. Ц.а.р тах.лын шинэ хувилбар олон улсад тархсан нь байдлыг хүндрүүлж, бид гадаадын зорчигдод тавих хяналтаа эргээд чангатгахад хүрлээ. Ийм цаг дор дэлхийн нэг бүс нутгаас Монголыг зорих нислэг өмнөхөөсөө огт буураагүйгээр үл барам бүр нэмэгдсэн байх юм.
Тэр бүс нутгаас өнгөрсөн онд Монгол руу 29 удаагийн нислэг үйлджээ. Эдийн засаг, улс төр, соёлын өргөн хамтын ажиллагаатай, монголчууд олноор ажиллаж амьдардаг улсуудаас ч (БНСУ-ыг эс тооцвол) ийм тооны онгоц ирээгүй байх аа. Дээрх 29 удаагийн нислэгийг дан Арабын орнуудаас хийсэн байх юм. Тэдгээр нислэгийн хоёроор нь л (зургадугаар сарын 04,16-нд Улаанбаатар-Доха чиглэлийн RCH C-17 онгоц) Афганистанд энхийг сахиулж байсан монгол цэргүүдийг тээвэрлэн авчирчээ. Бусад нь ямар зорилготой ирсэн нь төдийлөн тодорхойгүй. Энэ хугацаанд Арабын орнуудаас томоохон зочин ирж, төрийн айлчлал хийсэн гэж лав сонсогдоогүй.
Тэгвэл ямар учиртай тэр олон онгоц ирсэн болж таарав гэдэг асуулт гарах нь мэдээж. Учир мэдэх зарим хүний хэлснээр Саудын Араб, Катар, Кувейтээс ирсэн төдий тооны онгоцоор тэдгээр улсын нөлөө бүхий эрхмүүд Монголоос барьсан идлэг шонхруудыг тээвэрлэн авч явсан юм байна. Чухам хэдэн шонхор авч явсан нь нууц. Энд нууцлаад байх ямар ч шаардлага байхгүй л дээ, уг нь. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим гэсэн Тав дугаар зүйлийн дөрөвт “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байна” гэж заасан ч манай Засгийн газар Арабын улсууд руу хэчнээн толгой идлэг шонхор гаргаж, хэдий хэмжээний төлбөр, хураамж авснаа иргэдээсээ нуудаг (Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гадаадад гаргах шонхрын тоог нууц болгосон гэдэг) юм. Гэсэн ч бид Арабын улсууд руу Засгийн газрын нууц тогтоолоор гаргасан шонхрын тоог олж авлаа.
Бидэнд байгаа мэдээллээр бол зөвхөн өнгөрсөн онд дээрх улсууд руу 395 идлэг шонхор гаргажээ. Энэ бол төлбөр, хураамжийг аваад гаргасан шонхрын тоо. Үүний цаана соёлын гэх халхавчаар Арабын баячууд, шейхүүдэд “а.в.лига” болгож өгсөн, бэлэглэсэн хэчнээн шонхрын тоо энд багтсан эсэх нь тодорхойгүй. Түүгээр үл барам 2020 он буюу цар тахлын ид оргил, хатуу хөл хорионы үед Арабаас хоёр ч онгоц ирж, шонхор авч явсан гэх мэдээлэл байна. Тэдгээр хоёр нислэгийн нэгийг манай нэг авиа компани үйлдэхээр гэрээ байгуулсан байсан ч арабууд цуцалж, амны хаалт зэрэг халдвараас хамгаалах эмнэлгийн зарим хэрэгсэл тусламжаар хүргэж ирсэн өөрсдийн онгоцоор шонхор авч явсан гэх юм билээ. Энэ онгоцоор 140 шонхор авч явсан гэдэг мэдээлэл байна.

Арабын улсууд руу гаргах шонхрыг монголчууд барьж, тэд ирээд аваад явдаггүй. Шонхор барьдаг, шинждэг мэргэжлийн хүмүүс, ажилчид нь гэх баахан хүн сар шахмын өмнө ирдэг. Тэд заасан нутаг орноор хэрэн хэсэж, шонхор барьдаг. 2020-2021 онд Арабын орнуудад цар тахлын тархалт өндөр байсан. Хачирхалтай нь халдварын тархалт өндөртэй орнуудаас иргэдээ хүртэл татаж авахаа хязгаарласан үед арабуудыг нутгаараа чөлөөтэй хэсүүчилүүлсэн байгаа юм. Бүр нэг удаа 21 аймгийн нутгаас 100 гаруй хоногийн хугацаанд идлэг шонхор барих зөвшөөрөл өгч байсан гэдэг. Шонхор барихаар ирсэн арабчууд манай нутагт дураараа дургиж явдгийг доор зургаар үзүүлэв. Тэднийг буруутгахаасаа өмнө ийн дураар нь дургиулсан эрх баригчидтай, эвэртэн туурайтнуудтай, эх орноо гэх сэтгэлгүй орон нутгийн хурган дарга сэтэртнүүдээс хариуцлага нэхмээр байгаа юм.
Д.Оюунхоролын хорлон
Дэлхийд шонхрын 40 шахам төрөл зүйл байдгаас манай оронд 10 нь бий.Төрөл зүйл дотроосоо идлэг шонхор бусдаасаа том, эрэлхэг, хүчирхэг нь. Тиймээс Их Монгол Улсын үеэс буюу XIII зуунаас идлэг шонхрыг улсынхаа билгэдэл болгон сүлд юундаа дээдэлж ирсэн түүхтэй. Идлэг шонхор нь дэлхийд нэн ховордсон шувуудын жагсаалтад багтаж, хуулиар хамгаалуулсан байдаг. Өвөг дээдсийн минь шүтээн эл жигүүртэн 1993 оныг хүртэл Монголд эрх дураараа шунган байсан. Тэр үеэс Арабын баячуудын хараанд орж, ногоон мөнгөнд нь шүлэн гэтсэн манай улстөрчид оройлон, идээшиж дасаагүй харь нутаг руу хэдэн зуугаар нь зөөж эхэлсэн юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилогдсон Ц.Оюунгэрэл 2012 онд идлэг шонхрыг Үндэсний бахархалт шувуу болгон Засгийн газрын тогтоол гаргуулж, арилжааны зориулалтаар барьж, гадаадад гаргахыг хориглосон.
Харин соёлын (үзмэр болгож, чихмэл хийх), судалгааны (нүүдлийн замыг нь тогтоох гэх мэт) зориулалтаар барихыг зөвшөөрсөн байдаг. Ц.Оюунгэрэлийн халааг авч, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилогдсон С.Оюун 2013 онд тушаал гаргаж, идлэг шонхрыг таван жилийн хугацаанд барих, ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглосон юм. Энэ хугацаа 2018 онд дууссан (Хориглосон хугацаа дууссан 2018 онд Засгийн газрын нууц тогтоолоор нэг жилд хамгийн олон буюу 395 идлэг шонхрыг арабчуудаар бариулж, гаргасан байдаг) ч хойтон жил нь буюу 2019 онд Н.Цэрэнбат сайд дахин таван жилээр сунгасан. МАН-аас томилогдсон Байгаль орчин,аялал жуулчлалын сайд нар өвөг дээдсийнхээ шүтээн, Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зориулалтаар барьж, гадаадад гаргахыг хориглосныг гар өргөн зөвшөөрдөг ч гаргасан шийдвэрээ нөгөө гараараа үгүйсгэж иржээ. Идлэг шонхрыг арилжааны зориулалтаар барьж, гадаадад гаргахыг хориглосон тушаалыг Н.Цэрэнбат сайд таван жилээр дахин сунгасан ч бараг маргааш нь тушаалаа өөрөө зөрчиж, мөн л 395 шонхрын хөлийг нь аргамжиж, нүдийг нь боолгоод харь нутаг руу илгээсэн нүгэлтэй.
Өвөг дээдсийнхээ өмнө Н.Цэрэнбатаас ч илүү нүгэл үйлдсэн хүн бол Д.Оюунхорол хэмээх хорлонтой эмэгтэй. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа өмнөх сайд нар (Ц.Оюунгэрэл, С.Оюун)-ын тушаал, Засгийн газрыг тогтоол, шийдвэрийг гишгэчин 2015 онд Засгийн газрын нууц тогтоол гээчийг гаргуулж дөнгөжээ. Түүний гаргуулсан нууц тогтоолоор 2015 онд 200 идлэг шонхрыг Арабын улсуудад зарсан юм. Эндээс харвал МАН шонхрын нууц наймаагаар санхүүждэг юм биш байгаа гэсэн хардлага эрхгүй төрж байна. Тодорхой хүрээнд ч ингэж харддаг тухай яриа байдаг юм билээ.
Байгаль орчноо хайрлаж, хамгаалж байх учиртай яамыг хоёр ч удаа толгойлсон Д.Оюунхоролын нүгэл ганц шонхроор дуусахгүй. Олон нийтэд ил болж, хэвлэлд гарсан мэдээ баримтаар бол тэрбээр дэлхийд нэн ховор, эмийн чухал түүхий эд болсон дэрэвгэр жиргэрүү гэх ургамлыг харийн шу нал тнуудын гар хөл болсон хүмүүс их хэмжээгээр түүж бэлтгэж байсныг сайд асан Н.Батцэрэг таван жилийн хугацаагаар хориглосон юм. Гэтэл сайдын сэнтийд заларсан Д.Оюунхорол Н.Батцэрэгийн тушаалыг хүчингүй болгож, байгаль хамгаалах бус сүйтгэх ажлыг үргэлжлүүлсэн бас нэг нүгэлтэй.
Арабын зах зээлд нэг шонхор 500 мянган ам.доллароос дээш үнэлэгддэг юм гэсэн. Бүр дөрвөн сая ам.доллар хүрч байсан гэх. Арабын хөрөнгөлөг эрхмүүд ганц манайхаас бус Казахстанаас ч шонхор авдаг юм байна. Казахчууд манай улстөрчдийг бодвол баялаг, ан амьтнаа үнэлж мэддэг бололтой. Тэд нэг идлэг шонхрыг 250 мянган ам. доллароор үнэлдэг аж. Гэтэл манай Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны 112 дугаар тогтоолоор нэг идлэг шонхрын жишиг үнийг 11760 ам.доллароор (төлбөр 10800, хураамж 960 ам. доллар) тогтоожээ. Түүнээс хойш дээрх төлбөр, хураамжийг нэг центээр ч нэмээгүй. Засгийн газрын тогтоолоор батласан төлбөр, хураамжийг ч бүрэн авдаггүй гэх. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо хуулийг буруу ашигласнаас улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж энэ салбарт олон жил ажилласан нэг эрхэм ярьж байна.Түүний хэлснээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэгийн тавд гадаадын иргэнд агнуул сан ан амьтны нөөцийн төлбөрийг Засгийн газрын тогтоосон үнийн 80-90 хувиар тооцохоор заасан байдаг аж. Гэтэл тус хуулийн 17 дугаар зүйлийн нэгийн хоёрт заасан аж ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан бусад амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцоод байгаа юм байх. Үүнээс болж гадаадад гаргасан идлэг шонхрын төлбөр, хураамжаас 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэнэ. Энэ алдагдал 2015 он хүртэлх үеийнх юм байна.
Идлэг шонхор барих, гадаадад гаргаж байгаа үйл ажиллагааг зохицуулж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтэд Аудитын ерөнхий газраас шалгалт хийсэн юм билээ. Гэтэл дээрх үйл ажиллагаа нь долоон хуулийн 17, хоёр журмын 12 заалтыг зөрчиж байгааг тогтоосон аж.
Ийнхүү Их Монгол Улсын шүтээн шонхроо харийнхны зу гаа цэнгэл болгохоор хөлийг нь тушиж, хурц нүдийг нь боолгон гадагш зөөсөөр байвал Үндэсний бахархалт шувуу маань мөдхөн эх нутгаасаа дайжихад хүрэх бус уу. Дээрээс нь жигүүртнүүдэд ээлгүй цахилгаан дамжуулах шугамын шон дээр сууж байгаад өндөр хүчдэлд цохиулан хэдэн зуугаараа үрэгдсээр буйг нэмэх юм бол тоо толгой нь ихэд цөөрсөн нь лавтай. Хамгийн сүүлд буюу 2010 онд Монголд 8000 хос шонхор байна гэж тоолсон гэсэн. Түүнээс хойш тоолоогүй байгаа.
.
.
.
.
. 
Үндэсний бахархалт шувуугаараа бахархах биш, эмгэнэх өдөр ирэх вий гэх болгоомжлол судлаачдад төрдөг болсон гэх. Үүнийг төр,засгаас анхаарах нь зүй биз ээ.
Эх сурвалж: ata.mn














