‘Тавантолгой’ түлшийн уут савлагаа сүүлийн үед олны анхаарлыг татаж, хэл ам дагуулах болсон. Учир нь тус компанид шуудай нийлүүлдэг үйлдвэрүүд хил хаасантай холбоотойгоор түүхий эдийн нөөцгүй болсон.
Тус компаний зүгээс иргэд олон нийтийг “гал алдуулахгүй”-н тулд аль болох боломжоороо хэрэглэгчдийн гарт түлшээ нийлүүлүүлж буй. Нэг хэсэг “Стандарт шуудай” нэртэй 100 кгаар савлах зориулалттай цагаан шуудайгаар иргэдэд нүүрсийг нь хүргэсэн боловч, зөөж тээвэрлэхээс эхлээд, жиндээ хүрэхгүй байна гэх хэл ам дагуулж улмаар дахин уут савлагааны асуудал гарах болжээ.
“Тавантолгой түлш” ХХК-иас тодруулахад хил гаалийн асуудлаас болж савлагаанд түр өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн хоёр жилд нийт үйлдвэрлэсэн түлшний хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдэж байна. C.o.v.id-19-ийн үед ард иргэдийн эдийн засгийн байдлыг харгалзаж хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэн. Ингэснээр хэрэглээ энгийн үетэй харьцуулахад 40 хүртэл хувь нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч 2-3 шуудайг нэг өрхөд олгохоор тооцоолж байлаа.
Гэхдээ иргэдийн гаргасан санал, хүсэлтийн дагуу цэгүүдийг нэмж долоо хоногт зургаан шуудайг нэг өрхөд олгохоор болсон. 700 гаруй мянган тонн түлш нэмж гаргасан ч хэрэглээ маш их өссөн гэлээ. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш авах хязгаартай.
Харин 100 кг-аар савласнаас болж иргэд авах ёстой боломжит хэмжээгээр авч чадахгүй байгаа аж. Гурав хоногийн өмнөөс шахмал түлш савлах шуудай тасалдаж ийнхүү иргэд болоод борлуулагчдад хүндрэл учирсан байна.
Өмнө нь Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг үйлдвэрлэдэггүй байсан аж. Харин өнгөрсөн есдүгээр сард шуудай, сав баглаа боодол үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч “Grand lucky” компани нээлтээ хийжээ. Тус компани “Тавантолгой” компанитай хамтран ажиллах саналаа хүргүүлсэн бөгөөд эхний ээлжид 2 сая ширхэг шуудайг Тавантолгой компанид нийлүүлэхээр болсон байна.
Энэ талаар тус компаний захирал Б.Билгүүнээс тодруулахад “Манайх 100 хувь үндэсний үйлдвэрлэгч компани. Тавантолгой ХХК-нд дөрвөн сая ширхэг уут нийлүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн боловч, тус компаний зүгээс эхний ээлжинд хоёр сая ширхэг нүүрсний уутын нөөцийн сандаа авахаар боллоо. Судалгаанаас харахад, Тавантолгой ХХК-ны үйлдвэрлэдэг шахмал түлшний энэ жилийн хэрэгцээнд 10 сая ширхэг уут хэрэгтэй байгаа юм билээ.
Манайх технолгийн хувьд шинэлэг, сүүлийн үеийнх бөгөөд минут тутамд 40 ширхэгийг үйлдвэрлэдэг учраас тус компанийн хэрэгцээг уг нь бүрэн хангах боломжтой. Ямартаа ч эхний ээлжинд 2 сая ширхэгийг нийлүүлэхээр боллоо. Өмнөх шахмал түлшний улаан уутыг Хятадаас оруулж ирдэг байсан.
Энэ уутыг дахин ашиглах боломжгүй. Харин манай үйлдвэрлэсэн шахмал түлшний цагаан уутыг дахин боловсруулах технологиор хийж байгаа тул буцаан иргэдээс худалдан авна гэсэн үг юм. Ингэснээр бид байгаль орчныг хамгаалахаас гадна, иргэдийг орлоготой болох боломжтой. Иргэд шахмал түлшнийхээ уутыг бидэнд буцаан тушаах юм. Бид тус цагаан уутыг дахин боловсруулж, дараагийн удаагийн шахмал түлшний хэрэгцээг хангах гэх мэт зарчмаар ажиллахаар болсон” хэмээн ярьлаа.
Өмнөх мэдээ…
Б.Баасандорж: Давтан допинг хэрэглэвэл барилдах эрхийг нь бүх насаар нь хасахыг бөхчүүд өөрсдөө зөвшөөрсөн

Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрснийг МҮБХ-ноос өнөөдөр албан ёсоор зарласан билээ. Ингэснээр Э.Оюунболдоос доп.инг хоёр дахиа илрэв. 2019 оны улсын наадмын дараа түүнээс допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураасан юм.
Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар до.пин.гтой холбоотой заалтыг хэрхэн чангалж буй талаар болон цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой аравдугаар сарын 29-нд ярилцсанаа сэргээн нийтлэв.
Өнгөрсөн наймдугаар сарын 16-17-нд болсон 512 бөхийн барилдааны дараа шөвгөрсөн 16 болон Ц.Содномдорж, Э.Оюунболд нараас допингийн шинжилгээ авсан байдаг. Тэгвэл өчигдөр МҮБХ-оос дөрвөн бөхийн А шинжилгээнээс допинг илэрсэн гэх мэдээллийг өглөө. Эл дөрвөн бөхийг Улсын аварга Э.Оюунболд, Аймгийн заан Б.Уртнасан, Аймгийн арслан Н.Батсайхан, Аймгийн арслан Б.Хадбаатар нар хэмээн албан бус эх сурвалж мэдээлж буй юм.
Тэгвэл Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар допингтой холбоотой заалтыг хэрхэн чангалж буй талаар болон цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа.
–ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ХУУЛИАР БИШ ЖУРМААР ЗОХИЦУУЛЖ ИРСНЭЭС МАРГААН ГАРДАГ БАЙСАН-
-Баяр наадмын тухай хуулийн төсөл боловсруулж буй. Намрын чуулганаар орж ирэх үү. Баяр наадамтай холбоотой олон асуудлыг энэ хуулиар шийднэ гээд байгаа шүү дээ?
-Үндэсний баяр наадмын тухай хуулийг шадар сайдын зүгээс боловсруулаад Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болсон. Удахгүй Засгийн газраар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэх байх. Хэд хэдэн удаа хэлэлцүүлгүүд хийсэн. Бөх, сур, шагай, морины холбоотой хамтарч хэлэлцүүлэг хийсэн. Төрийн болон төрийн бус байгууллагуудынхаа саналыг авсан. УИХ-д өргөн мэдүүлэхээр тодорхой болох байх.
-Яг ямар өөрчлөлт орж байгаа юм бэ. Олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа асуудлуудаа хэрхэн цэгцлэхээр тусгасан бэ?
-Концепцын шинжтэй энэ хууль 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. 2-3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндэсний их баяр наадам нэг талаараа спорт гэж харагддаг. Нөгөө талдаа Монголын ард түмний бахархал, өв соёл. Аль алийг нь шингээдэг. Үндэсний их баяр наадмаараа монголчууд бахархаж, тусгаар монгол улс гэдгээ тодорхойлж явдаг. Тэгэхээр хуулийн нарийвчилсан зохицуулалт гэхээсээ илүү журмуудаар зохицуулж ирсэн. Тодруулбал, Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан журмаар, магаадгүй ТББ-аас гаргасан журмаар баяр наадмаа зохицуулж ирсэн. Үүнээс болоод маш их маргаан гардаг.
-Жишээ нь д.о.пингийн асуудал мөн үү?
-Жишээ нь бөх дээр маргаанууд гардаг. Хамгийн их яригддаг допингийн асуудал байна. Д.о.пингийн асуудлыг хуулиар нарийвчилж зохицуулаагүй, журам нь хуулиасаа давамгай байдалтай байж ирсэн. Үндэсний их баярын наадмын хуулийн шинэчилсэн найруулгаар морь, сурын асуудлаар ч нэлээд шинэчлэл орсон. Түүнчлэн хэл ам татлаад байгаа допингийн асуудлаар нэлээд хатуу зохицуулалт хийсэн.
–ДО.ПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 3-4 ЖИЛ ХАСНА, ДАХИН ХЭРЭГЛЭВЭЛ БҮХ НАСААР НЬ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСНА-
-Тухайлбал яг ямар хатуу зохицуулалт вэ?
-Хэрвээ до.пинг хэрэглэх юм бол бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой жилээр эрхийг нь хасдаг. Тодруулбал, 3-4 жил. Мөн дахин хэрэглэх юм бол бүх насаар нь барилдах эрхийг нь хасдаг болно. Гэх мэт шинэ, хатуу зохицуулалт орж өгсөн. Мөн уян хатан, баяр наадмаа маргаангүй зохион байгуулах чиглэлд зориулсан зохицуулалтууд ч байна.
-Хуульд д.о.п.ингийн асуудлаар хатуу зохицуулалт тусгаж байгаа юм байна. Энэ талаар бөхчүүд болон бөхийн холбооноос санал авсан уу?
-Үндэсний бөхийн салбар хороо Хууль зүй дотоод хэргийн яаманд ажилладаг. Би бөхийн салбар хорооны дарга. Бөхийн салбар хорооноос бөхийн холбоо, сэтгүүлчид, бөхчүүдтэй хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Ялангуяа бөхчүүдийг к.о.в.и.дын нөхцөл байдлын улмаас танхимаар буюу цахимаар аль аль хэлбэрээр оролцуулж, саналыг нь авсан. Тэгж байж хуульд тусгасан. Ялангуяа доп.ингтой холбоотой асуудлаар бөхчүүдийнхээ саналыг нэлээд тусгалаа. Бөхчүүд доп.ингын эсрэг хатуу байя, шууд эрхийг нь хасдаг байя, дахин хэрэглэвэл бүх насаар нь хасдаг болъё гэдгийг дэмжсэн.
-ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД, ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД Л ТУХАЙН ХҮНИЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АШИГЛАЖ БОЛНО-
-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөл сэтгүүлчдэд хамаатай юм уу, иргэдэд хамаатай юм уу?
-Монгол Улсын Засгийн газраас энэ хаврын чуулганаар дөрвөн багц хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай гээд багц дөрвөн хууль. Уржигдар Хууль зүйн байнгын хорооны хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэлэлцсэн. Энэ хуулийн гол концепц бол хуучин 1995 оны хуулиар зохицуулж байсан Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж ойлгож болно.
-Хувь хүний нууц гэдэгт яг юуг хамруулж байгаа юм юм бэ?
-Хүний эмзэг мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл гэж юу юм бэ. Генетик, биометрик мэдээлэлд юу хамаарах вэ, хүний хувийн мэдээлэл гэж юу вэ. Хүний эмзэг мэдээллийг хэрхэн, яаж хамгаалах вэ. Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага, шүүх, прокурор ч бай ашиглахдаа тухайн иргэнээс зөвшөөрөл авдаг байя гэж байгаа юм. Тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээллийг, ялангуяа эрүүл мэндийн мэдээллийг, эмзэг мэдээллийг бусдад түгээдэг, олон нийтэд нийтэлдэг байдлыг хуулиар хориглож өгч байгаа юм.
Гагцхүү эрх бүхий албан тушаалтнууд, прокурор, шүүгч гэх мэт албан тушаалтнууд хүний хувийн мэдээллийг ашиглаж болно. Тухайн хэрэг маргаантай холбоотойгоор. Гагцхүү ашиглахдаа ийм ийм прокурорын байгууллагын ажилтан таны хувийн мэдээллийг ашиглалаа шүү гэдэг санамж, мэдэгдэл тухайн иргэнд өгдөг байх зохицуулалт орж байна.
–СЭТГҮҮЛЗҮЙН ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ НЬ ЭНЭ ХУУЛЬД ХАМААРАХГҮЙ-
-Сошиалд хэн нэгний тухай бичсэн постоор сэтгүүлчид мэдээлэл бэлтгэнгүүт энэ нь хууль зөрчсөн болоод Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулах болчих юм биш үү?
-Иргэний хувьд нэг өөр зохицуулалттай. Иргэн бол хүний эмзэг мэдээллийг янз бүрээр олж авч, олон нийтэд түгээх нь хориотой. Сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл олж авах нь үүнд багтахгүй. Эх сурвалжийг нь хориглосон зүйл байхгүй.
-Хүний эмзэг мэдээллийг заавал өөрөөс нь асуух ёстой гэж хуульчилж байгаа юм уу?
-Олон улсын туршлагаас харахад хүний эмзэг мэдээлэл гэдэгт шашин шүтэх, эрүүл мэндийн, гарын хурууны мэдээлэл, тоон гарын үсэг, регистр гэх мэт ордог. Хурууны хээ бол хаалттай мэдээлэл. Гэтэл манай улсад одоо маш замбараагүй ашиглаж байна. Наад захын ББСБ, машин худалдааны төвүүд, худалдааны супермаркетууд хүний хурууны хээ ашиглаж байна. Энэ мэдээлэл алдагдах юм бол Баасандоржийн хурууны хээг өөр гэмт хэргийн газар аваачаад тавьчихвал гэмт хэрэгтэн ч болох магадлалтай. Үүнийг л хамгаалж өгч байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хурууны хээг сонгууль өгөхөд, эсвэл улсын бүртгэлийн үйлчилгээ авахад өөрийнх нь зөвшөөрлөөр ашиглаж байгаа. Бусад нөхцөлд хаалттай. Тэгэхээр хуулиар энэ асуудлуудыг зохицуулсан.
-Эмзэг мэдээллээ нууцлана гэх нэрийн дор албан тушаалтнууд, дарга нар хувийн бүх мэдээллээ нууцлах гэж байна гэсэн хардлага байна?
-Албан тушаалтнуудад зориулсан хууль биш шүү дээ. Иргэдэд зориулсан хууль. Иргэдийн ямар мэдээллийг хаалттай, нээлттэй байх талаарх хууль. Албан тушаалтны талаар нэг ч заалт байхгүй. Гагцхүү төрийн байгууллагуудад хүний эмзэг мэдээллийг ингэж хамгаалаарай гэдэг үүрэг өгч байгаа юм. Эрхийг нь иргэн талд нь өгч байна.
–Ярилцсанд баярлалаа.













